Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, Д.Анхбаяр нар Ази тивийн аварга боллоо

Zuv.mn
2023/09/14

Япон улсын Хоккайдо аралд пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 10 тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр монголоос Ази тивийн хоёр аварга мэндэллээ. Тэмцээний -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртэж, алтан соёмбот далбаагаа мандуулав. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө АНЭУ-ын Дубай хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ыг амжилттай шахсанаар Ази тивийн аварга болж байна.

Мөн +120 кг-ын жинд Д.Анхбаяр алтан медаль хүртэж, Ази тивийн тав дахь медалиа гардлаа. Д.Анхбаяр өмнө нь тус тэмцээний 2015, 2022 оны аварга, 2012, 2016 оны хүрэл медальтай. Түүний аав Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ц.Дамдин агсан нь жүдо бөхийн “Москва-1980” зуны олимпын наадмын мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн хошой аварга бөгөөд МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна