-Тавантолгойн түүх бол бүлэглэлүүдийн тэмцэл, хуульчлагдсан хулгай, хууран мэхлэлтийн түүх юм. Түүх одоо ч үргэлжилж байна-
Оршлын оронд...
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн БЭТ Б.Ганбат хэдхэн хоногийн өмнө “Иргэдэд ногдол ашиг тарааж байснаас боловсруулах үйлдвэрээ барьсан дээр” гэж хэлэхийг сонсоод гол зураад явчихав.
Нэгд, урьд өмнө нь Тавантолгойтой холбоотой асуудлаар олон удаа тохиож байсан хууртсан мэдрэмжээ дахиж авсан, хоёрт, Бортээг дээр Хятадын хөрөнгө оруулалттай “Админерал” гэх компаниар 10-хан сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр бариулж байхаар 2020 онд IPO гаргана гэснээрээ гаргаад нэгмөсөн 30, 40 сая тонныг боловсруулах үйлдвэрээ барьчихаж болоогүй хэрэг үү” гэсэн харамсал төрсөн нь нөлөөлсөн байх.
“Ард түмэнд очиж, хоногийн хоолыг нь залгуулах учиртай ноогдол ашгаар баяжуулах үйлдвэр барих байсан юм бол “Админерал” ер нь ямар хэрэгтэй юм бэ” гэсэн бодол ч төрж, Бортээгтэй холбоотой асуудлыг судалж үзлээ.
Олсноо хүргэхдээ харин монголчууд баялгийнхаа эзэн болж, ашиг шимийг нь хүртэж чадаагүйнхээ учрыг ганц одоо цаг бус, өнгөрсөн рүү буцаж, 20 жилээр нь харж байж л ойлгоно хэмээн сэтгэж, түүхийг эргэн сануулж байна. Учир нь, Тавантолгойг хавааж "сордог" бүлэглэлүүд иргэдийг чухам одоо цагт нь байлгаж, өнгөрсөн рүү өнгийх, нэгтгэн дүгнэх боломжийг нь үгүй хийж байж л оршин тогтнодог юм байна гэж мунхагласных юм.
Олж цуглуулж чадсан цагт баримт өөрөө ярьдаг учир бий. Түүнээс гадна, цаг хугацаа, бий болсон нөхцөл байдал буюу үр дүн өөрөө бодитой дүгнэлт хийх хамгийн том боломжийг олгодог. Нэг баримт ил гарч, нэжгээд асуудал шийдэгдэхэд урьд өмнө нь болж өнгөрсөн, хоорондоо авцалдаагүй мэт байсан салангид үйл явдлууд өөр хоорондоо эвлээд ирэх нь байдаг. Ирээдүй ч харагддаг билээ.
Монгол улсын иргэд та бидний “Минийх, манайх” гэж итгэдэг Тавантолгойн орд өнгөрсөн хугацаанд яг жинхэнэ утгаараа биднийх болсонгүй. Харин ч нэг, нэгээрээ алдагдсаар ирсэн байна. Энэ хугацаанд хэчнээн ч улстөрч Тавантолгойг ард бидэндээ авч өгөх гэж тэмцэв. Хэд нь УИХ-ын гишүүн, сайд дарга болов. Гэтэл бодит байдал дээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК дээр 14-хөн хувийн хувьцаатай, бүтэн 14 жил өнгөрөхөд нэг л удаа 60-90 орчим мянган төгрөгийн ногдол ашиг авч үзсэн хөөрхийлөлтэй амьтад болж хувирчээ.
Энэ хооронд Ухаа худаг, жижиг Тавантолгойг салгаад явсан, одоо салгаж авах ч шаардлагагүй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай гэрээ хийгээд л “Ажил гүйцэтгэх” нэрээр авч байна.
Бид энэ цувралд нүүрсний чанар, нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх, олборлоход амархан, зах зээлдээ ойрхон байдлаараа олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг соронздон татдаг, оновчтой хувилбараар эргэлтэд оруулж гэмээ нь бидний олон, олон ужиг асуудлыг нэг амиар шийдчих боломжтой Тавантолгойн бүлэг орд өнгөрсөн 30 жилд нэг, нэгээрээ алдагдсан, одоо ч алдагдаж байгаа талаар бичнэ. Төгсгөл хэсэгтээ ороод ирэхээр олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй, нийтээрээ шахаж шаардаад ч илрэхгүй байгаа “Нүүрсний хэрэг”-ийн буруутан, гол гогцоо углуурга ч тодроод ирэх болов уу.
-Тавантолгойг ашиглахыг оролдсон түүх буюу “Худал хуурмагийн хөндий”-
Уул уурхайгаар дагнан бичдэг “Майнинг журнал” сэтгүүл 2012 онд “Монголын улс төрийн намууд Тавантолгой гэх мэт стратегийн томоохон ордыг ашиглан улс төрийн тоглолтоо явуулах санаатай байгаа. Эрх баригчид нь авлигачид учраас стратегийн томоохон ордуудынхаа асуудлыг өөрсдөдөө ашигтай байдлаар шийдвэрлэх сонирхолтой байна. Тэдэнд бол ард түмэн хэлд ороогүй хүүхэдтэй адил” хэмээн бичиж байжээ.
11 жилийн дараа харахад, харамсалтай нь, тэдний зөв байж. Монголын ард түмний өмч болох Тавантолгойн бүлэг орд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал хэвээрээ, баялгийн эзэд болсон монголчууд өмчийнхөө талаар ямар ч ойлголтгүй, ордтой холбоотой мэдээллээс тухайн үеийн эрх баригч намын гаргаж өгсөн, өөрсдөд нь ашигтай байдал үүсгэж болох мэдээллийг "үмхэж", өөр хоорондоо талцаж хуваагдан боломжоо хулгайлуулсаар өдий хүрлээ.
“Эрдэнэс Монгол”-ын тухай
Монголыг “Азийн Катар” болгох учиртай, ашиглаж гэмээ нь монголчууд хувьцаа эзэмшиж, ашгийг нь хүртэх ёстой стратегийн ордуудын тусгай зөвшөөрөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК зэрэг уул уурхайн 10 гаруй компанийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” нэгдлийн тайлан баланс байгуулагдсанаасаа хойших 15 жилд нэг ч удаа ашигтай гарч байгаагүй...
Цэвэр эдийн засгийн агуулгаар бол Тавантолгойг эргэлтэд оруулах шиг амархан юм үгүй гэдгийг захын эдийн засагч хэлдэг. Оюутолгой дээр жишээ нь, гүний уурхай, нарийн технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах учраас доншуур уурхайчдын компаниар /Доншуур уурхайчид нь орд илрүүлэхдээ гаргууд, хамгийн шилдэг геологичид байдаг/ дамжуулж, үндэстэн дамнасан томчуудтай хамтарсныг ойлгож болно.
Харин Тавантолгойн бүлэг орд шиг ил, олборлолт явуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй, худалдан авагч нь хажуудаа байдаг Тавантолгой шиг ордыг эздэд нь буюу ард түмэнд ашиггүй ажиллуулах нь ашигтай ажиллуулахаасаа илүү их ухаан зарах ажил гэсэн тэдний үг үнэн.
Ард түмний өмч болох Таван толгойн бүлэг орд яагаад түмэнд ашгаа өгөхгүй энэ олон жил явсан нь шуудхан хэлэхэд, тус ордод эзэн суух зорилготой бизнесийн бүлэглэлүүд, тэдэнд үйлчилдэг үе, үеийн эрх баригчидтай салшгүй холбоотой. Тэд ил далд тэмцлээ үнэхээр л ард түмнийг “хэлд ороогүй хүүхэд” мэт хуурч мэхэлж явуулж байсан.
Тавантолгойн ордын сүүлийн 20 жилийн түүх нь тэр чигээрээ эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн далд зөрчил тэмцэл, ард түмнийг хуурч мэхэлсэн түүх байжээ. Сануулъя.
-АЛДАГДСАН ТОЛГОЙ НЭГ: Ухаа худаг-
2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Ухаа худаг нь одоогийн байдлаар "Энержи ресурс" буюу MCS-ийн Ж.Оджаргалын мэдэлд байгаа. Өмнө нь Сү.Батболд, Ж.Оюунгэрэл, “Молекул” Б.Батбаяр зэрэг монгол бизнесмэн, компаниудын нэгдэл эзэмшиж байгаад зарим нь сайн дураараа гарч, үлдсэн нь "98 хувиа улсад шижүүлээд хоёр хувийг нь авсан" гэгдэхдээ авч хоцорсон орд нь юм.
Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ "Тавантолгойн өрөм" гэж нэрлэгдсэн орд. Батлагдсан нөөц нь өссөөр 600 гаруй сая тоннд хүрээд буй. Анх шилжүүлж авахдаа "Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа" гэж нэг үзээд, “Нийт нөөцийн ердөө хоёр хувь нь юм” гэж нэг үзэж байсан ч яван явсаар аль ч биш, бүр "өрөм"-ийг нь авсан болж таарсан.
“Судлагдаагүй” гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичидын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоочихсон байсан баримт сүүлд нь гарч ирснийг хэвлэлийнхэн илчилсэн. Энэ нь уг нь нарийндаа "Ухаа худаг"-ийг төрд шилжүүлж авах үндэслэл байсан юм.
Уг баримтыг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх.
Орд газарт хийсэн судалгаанд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан болгосон байсан хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлж байв. Тайлант нөөц нь 411 сая 539 мянган тонн байх аж.
Үүнээс коксждог нүүрс нь 252 сая 101 мянган тонн, чулуун нүүрс нь 149 сая 53 мянган тонн гэжээ /2008 оны долдугаар сард "Норвест" Корпорацийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгээр тухайн орд газрын нүүрсний нөөцийг 364 сая тонн гэж тооцоолсон/.
Өөрөөр хэлбэл, “Ухаа худаг” коксжих нүүрсгүй биш, нийт нөөцийн 2 хувь бүр ч биш байсан юм. Харин тухайн үед салбарын сайд байсан Д.Зоригт "Ухаан худагаас жилд 15 сая тонн нүүрс олборлох учраас нөөц нь маш хурдан дуусна" гэж ухуулж байсан нь хэвлэлд бичигдэж үлджээ.
-АЛДАГДСАН ТОЛГОЙ ХОЁР: Орон нутгийн Тавантолгой-
Ард түмэн хувь эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн олборлолт явуулдаг Цанхийн зүүн хэсэгт орон нутгийн гэгддэг "Тавантолгой" ХХК бас олборлолт явуулж байгаа. Энэ компани Зүүн Цанхид 169 га талбай эзэмшдэг. Үүний 51 хувь нь орон нутгийн мэдэлд, 36 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг. Уг нь Тавантолгойн нүүрсний энэ "жижигхэн" уурхайг 1966 оноос хойш ил аргаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн юм билээ.
Анх Зүүн Цанхид тендер зарлахад "Эхлээд Тавантолгой транс"-ын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй" гэсэн яриа гарч байсан. Учир нь, орон нутгийн “Тавантолгой” ХК нь яг төслийн талбай дотор олборлолт явуулж байсан юм. Гэвч зогсоож дийлээгүй. Одоогоор 51 хувь нь орон нутгийн өмчлөлд, үлдсэн 49 хувь нь ААН, иргэдэд байгаа. Ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй хэвээр байна.
Орон нутгийн “Тавантолгой”-н талаар тухайн үед “Долоон жилийн дараа нөөц нь дуусна” гэдэг яриа гаргасан нь худлаа, хууран мэхлэлт байсан. Түүнчлэн, төрийн мэдэлд авах асуудал яригдсаны дараа хувьцааных нь ханш огцом өссөн тохиолдол гарч, хуулийн байгууллага шалгахад хэдэн хувьцаа эзэмшигчид нь хоорондоо өгч авалцсан болох нь тогтоогдсон гэж хэвлэлд бичигдэж байв. Өөрөөр хэлбэл, “Төр авах бол худалдаж ав” гэж хэлэхээр үнэ зохиомлоор өсгөсөн. Бас нэг хууран мэхлэлт, худал хуурмаг...
Үргэлжлэл бий...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.134
Ногдол ашиг тараахыг энэ авилгачин мэдэхгүй. Хувьцаа эзэмшигчид мэднэ.
Хариулах103.111.68.3
ТАВАН ТОЛГОЙН ОРД ТӨРД БАЙХ ХЭРЭГТЭЙ УЧИР НЬ 1 Т ӨНӨӨДӨРТӨӨ ТАВАН ТОГОЙГ УДИРДАЖ БАЙСАН ХҮМҮҮС АЛДАА ГАРГАСАН БАЙЖ БОЛНО ҮРГЭЛЖ ИЙМ БАЙХГҮЙН ЛАВ,ЦААШИД ӨНӨӨДРИЙНХӨӨС САЙН ЗАСАГЛАЛ ГАРЧ ИРЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ.ТӨРД ИЙМ ТОМ ОРД БАЙСНААР УЛС ОРНЫ ШИНЖ ЧАНАРЬАЙ СТРАТЕГИЙН АЖЛЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ,ИЙМ АЖИЛ ЭНЭ УЛСАД УУЛ ОВОО ШИГ БАЙНА ШҮҮ ДЭЭ.100 ХУВЬ ХУВЬД ӨГНӨ ГЭЖ ЯРЬДАГ БОЛОВЧ ЭНЭ БОЛ БҮТЭХГҮЙ ЭЭ,ХУВЬД ОЧЛОО ГЭЖ БОДЬЁО ТЖЭГЭЭД ЯАХАВ АШГИЙГ НЬ ИДЭЭД Л ЗҮГЭЭР СУУГААД БАЙХ УУ ЭНЭ УЛСЫН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЯМАР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ.АШГАА 100 ХУВЬ ХҮМҮҮСТЭЭ ТАРААГААД ДУУСЧИХНА ШҮҮ ДЭЭ.ИНГЭЖ Ч БОДЛОГОГҮЙ АЖИЛЛАЖ БОЛОХГҮЙ БАЙХАА,БЭЛЭН ЮМАНД ШУНАСАН СЭТГЭЛГЭЭТЭЙ АРД ТҮМЭНТЭЙЛ БОЛНО ШҮҮ ДЭЭ
Хариулах