БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баян Овоогийн газрын ховор металлын уурхайгаас шинжлэх ухаанд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй шинэ төрлийн хүдэр илрүүлжээ. Ниобобоаотит гэж нэрлэсэн уг хүдэр нь ниоби, бари, титан, төмөр, хлороос тогтсон аж.
Ниоби нь хэт дамжуулагч чанараараа орчин үеийн өндөр технологид хэрэгтэй гэж үнэлэгддэг цайвар шаргал өнгөтэй металл бөгөөд маш бэхжүүлэгч шинж чанартай юм байна. Эрдэмтэд литийн батарейн дараагийн үе шат болох ниоби-литий, ниоби-графен батарейг бүтээхээр ид ажиллаж байгаа тул шинээр нээгдсэн хүдрийг ач холбогдолтой байж болох юм гэж үзэж байгаа аж. Ниоби-литийн батарей нь дан литийн батарейнаас илүү хурдан /10 минут хүрэхгүй/ цэнэглэгддэг төдийгүй ашиглалтын хугацаа урт байдаг юм байна. Лити-графен батарейг хөгжүүлэгч эрдэмтэд шинээр бүтээх батарей нь лити-ион батарейнаас ашиглалтын хугацаа 10 дахин удаан буюу 30 жил ашиглагдана гэж үздэг байна.
БНХАУ хэдий газрын ховор элементийн салбартаа тэргүүлдэг ч ниобийн хэрэгцээнийхээ 95 хувийг импортоор авдаг аж. Тиймээс шинэ нээлт нь энэ төрлийн элементийн зах зээлийг өөрчилж магадгүй гэж салбарынхан нь найдаж байгаа аж. Энэ мэдээллийг бэлтгэсэн Space.com дэлхийн хамгийн том нийлүүлэгч нь Бразил, хоёр дахь нь Канад гэсэн байна. Харин Баян Овоо дахь ниобийн нөөц өндөр гарвал БНХАУ хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломжтой юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна