Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар багтсан юм.
Тус ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр “AmCham Mongolia” буюу Монгол дахь АНУ-ын худалдааны танхимтай хамтран “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцуулж, санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын захирал О.Адъяа, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар үг хэлсэн.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэж харж болно хэмээгээд, мөнгөний бодлогын төлөв, чиглэлд анхаарлаа хандуулж, бодлогын төсөлд саналаа нэмэрлэхийг оролцогчдоос хүссэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед бусад эх үүсвэрийг ашиглах замаар бодлогын хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар ханшийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулах талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 18-ны өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах бодлогын зорилтыг ханган хэрэгжүүлэх Монголбанктай хамтран тогтоолын төслийн талаар Монголын бизнесийн зөвлөл, болон МҮХАҮТ-д танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, төсвийн бодлого, мөнгөний бодлого яв цав уялдах ёстой хэмээгээд, мөнгөний бодлого сангийн бодлогын хавсарга байх бус бие даасан харилцан уялдаатай бодлого болж байж үндсэн зорилго хэрэгжих учиртай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Тэрбээр, мөнгөний бодлогын хатуу төлөвийн нөлөө бодит эдийн засгийг хүндрүүлэхгүй байхад чиглэх учиртайг дурдаад, үүний тулд зээлийн ангилал дээр уян хатан байх, хугацаа бодит нөхцөлтэй уялдах, дунд болон урт хугацааны эх үүсвэрээр хангах тал дээр чөлөөт эх үүсвэрийг дайчлах боломжийг эрэлхийлэх талаар саналаа илэрхийлсэн.
Ажлын хэсэг хэлэлцүүлэгт оролцогчидтой төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг хамгаалах, хэрэглээний ханшийг хамгаалах буюу хэрэглээний үнийн индексийн тогтвортой байдлыг хангах болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна