ТӨСӨВ 2024: Аймаг, сум, алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчид 20-40 хувийн нэмэгдэл авна

С.Гандэлгэр
2023/10/25

Монгол Улсын Их хурал 2024 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн хувьд 27.2 их наядын зарлага 25.1 их наядын орлоготой байхаар тусгагдсан. Тэгвэл ирэх оны төсөвт цалин нэмэх, тэтгэврийн зөрүүг ойртуулах, хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн алба хаагчдыг дэмжих замаар Шинэ сэргэлийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэх агуулгууд тусгагджээ. 

2023 онд Төрийн албаны цалингийн тогтолцоонд шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг авсан. Түүнчлэн нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлсэн. 

Тэгвэл ирэх 2024 онд мөн адил цалин, тэтгэврийг эдийн засгийн өсөлт, инфляц, амьжиргааны түвшинтэй уялдуулан индексжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Ирэх оны дөрөвдүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг арван хувь нэмэгдүүлнэ. Тодруулбал тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн 10.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцлоо. 

Төрийн үйлчилгээ, хот тохижилт үйлчилгээний салбарын ажиллагсдын цалинг 20 хувиар нэмнэ

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх бөгөөд нийтлэг төрийн үйлчилгээ, хот тохижилт үйлчилгээний салбарын ажиллагсдын үндсэн цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр тооцож шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгалаа. Тус арга хэмжээнд нийт 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдах юм. 

Аймаг, сум, алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчид 20-40 хувийн нэмэгдэл авна

Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 2023 оноос олгож эхэлсэн. 

Тэгвэл ирэх оноос эхлэн тэдний цалингийн нэмэгдлийг дахин нэмэгдүүлэхээр 2024 оны улсын төсвийн төсөлд тусгажээ. Тодруулбал ирэх 2024 онд хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгохоор төлөвлөж байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид болон улс төрийн албан хаагчид шинээр хамрагдах юм. 

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.110
    2023/10/25

    Багахангай. Багануур Налайхыг ямар хөдөө гэх юм бэ. Хотын хаягтай нөхдүүд 1000 км алс байгаатай зүйрлэдэг буруу.

    Хариулах
  • 202.179.11.50
    2023/10/25

    Яамайдаа үнэн бол тэгээд эмч багшаа л нэмдэг бусад албан хаагчид адилхан төрд зүтгэж үнийн хөөрөгдөлд адилхан өртөж л байгаа гэтэл бусад арын албаны ажилчдыг үргэлж ялгаварлан гадуурхана ёстой сонирхолтой адилхан дээд сургууль төгссөн бусад мэргэжилтэнгээ харж үздэг болоосой одоо төрд нягтлан хийх хүн үнэндээ л байхгүй болсон байнгын шалгалт судалгаа шинжилгээ баахан давхар ажил хийлгэнэ үндсэн цалин нь 1 сая гар дээрээ 800 мянга бөөн дарамт

    Хариулах
    • 66.181.161.47
      2023/10/25

      Тү ажилчиддаа ялгаварлан гадуурхаад байгаам даа