Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр 2024 оны төсвийн төслөөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх ажил аваад хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, алдаа дутагдал гаргасан ААН-үүдийг бүртгэдэг “Хар жагсаалт”-ын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Яг одоогоор “Хар жагсаалт”-д орж, тендерт оролцох эрхээ хасуулсан 43 компани байгаа бөгөөд тэдгээр компаниуд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль ёсоор уг жагсаалтад гурван жил байх ёстой. Гурван жилийн өмнө 69 аж ахуйн нэгж байсан бол хуулийн дагуу суларсаар 43 үлдээд байгаа аж. Одоо 110 ААН-ийг шалгаж байгаа бөгөөд тэднээс хэд нь Хар жагсаалтад орохыг хэлэх боломжгүй.
Сангийн сайдын хэлснээр, ААН-үүд нь тендерт хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөх, сүүлийн гурван жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн алдаа гаргасныг шүүх, байцаагч тогтоосон, сүүлийн гурван жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг Шүүх тогтоосон гэсэн гурван үндэслэлээр Хар жагсаалтад ордог. Яамны зүгээс дээрх жагсаалтад багтсан ААН-үүүдийн эзэмшигч болон, охин компаниуд дээр хяналт тавих, тэдгээрийг мөн тендерт оролцуулахгүй байх хууль, эрхзүйн орчин байгуулахаар ажиллаж байгаа аж.
Нэг компани хар жагсаалтад оруулчхаад охин компаниараа тендерт оролцох, дахин нэгийг байгуулах зэрэг зөрчил их гардаг учир ингэж шийджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна