Засгийн газраас ирэх оны улсын төсвийг төслийг өргөн барьж, Монгол Улсын Их Хурал төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн орлогыг 25.2 их наяд, зарлагыг 27,3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37 хувь гэж тооцоолсон байсан. Төсвийн алдагдлыг 2.1 их наяд орчим буюу ДНБ-ий 2.8 хувь байхаар төлөвлөсөн.
Тэгвэл өчигдөр /2023.10.31/ Төсвийн ажлын хэсэг хуралдаж, төсвийн алдагдлыг бууруулах шийдвэрт хүрчээ. Ингэхдээ зарим хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэн улсын төсвийн алдагдлын 600 орчим тэрбумаар бууруулах аж. Ингэснээр 2.8 хувьд хүрээд байсан төсвийн алдагдал 2 хувьд хүрэх нь ээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "УИХ-ын ажлын хэсэг дөрвөн чиглэлээр ажиллаж байгаа. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна уу, орлогын төлөвлөлт үндэслэлтэй байна уу гэдгийг шалгах, төсвийн зарлагыг бууруулах, хөрөнгө оруулалт, төсвийн хуулийг дагасан 21 хуультай холбоотой асуудал дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.
Ажлын хэсэг хуралдаад төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Төсвийн орлогыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, тэнцлийг сайжруулах шаардлагатай байна. Энэ бол хамгийн том асуудал. Тийм учраас төсвийн тэнцлийг 0.8 хувиар 592-600 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулах талаар ярилцаж, тогтлоо.
Төсвийн зарлагыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Маргааш эцсийн байдлаар тодорхой болно. Хөрөнгө оруулалтын хувьд аудитын дүгнэлт нь гарсан Сангийн яам дээр ороогүй төслүүд байгаа. Тэдгээр төслүүдийг төсөвт оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна