Г.Занданшатар: НӨАТ-ын буцаалтыг нэмэх нь татвартай холбоотой авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд ард түмнийг оролцуулж байгаа хэлбэр

Х.Батсайхан
2023/11/01

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг таван хувь болгож нэмэгдүүлэх тухай ард түмний гаргасан саналыг хэлэлцлээ. Хуралдаанаас энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсныг бид мэдээлсэн. Хурлын эхэнд уг асуудлыг санаачлан ард иргэдийн санал авах ажиллагааг эхлүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар өмнө нь амлаж байсанчлан НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг төсөвт хүндрэл учруулахгүйгээр нэмэгдүүлэх бололцоо байгаа талаар тодорхой байгууллагуудаас хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан.

ТЕГ 2023 онд “НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлснээр 499 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардах боловч, хууль мөрдөлтийг сайжруулснаар төсөвт 534.35 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бололцоотой” гэсэн тооцоолол хийж байжээ. Түүнчлэн, одоогоор татвартай холбоотой авлига, хээл хахуулийн 620 гшэмт хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн оролцоог хангаж байгаа нэг хэлбэр гэдгийг Г.Занданшатар дарга онцолсон юм.  

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "НӨАТ-ын баримт өгөхгүй байх замаар татвараас бултдаг хэсэг бүлэг байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Магадгүй, энэ нь татварын дарамт их байгаатай холбоотой юм болов уу гэж хувь хүнийхээ зүгээс харж байна. Тиймээс энэ асуудлыг зөвхөн НӨАТ гэлгүй, ер нь татварын орчин ямар байна, иргэд дээр очиж байгаа татварын ачаалал ямар байна вэ гэдгийг судлах ажлын хэсэг байгуулах саналтай байна" гэв. 

Харин Ардчилсан намын төлөөлөл Б.Пүрэвдорж НӨАТ төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь хангалтгүй. НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах асуудлыг орхигдуулж болохгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна