ЗГ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт эрс шинэчлэлт хийнэ

Х.Батсайхан
2023/11/01

Засгийн газраас өнөөдрийн хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард саруудын процессын дахин инженерчлэл хийж, хүнд суртлыг бууруулах, үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулан судалгаа явуулж эхэлжээ. Судалгааны үр дүн бэлэн болж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулагдсан байна.

Процессын дахин инженерчлэл гэдэг нь салбарын байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийг түргэн шуурхай, хүнд сурталгүй болгох арга замуудыг эрэлхийлэхийг хэлж байгаа бөгөөд дүн шинжилгээний үр дүнд дараах өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийхээр болжээ. 

Үүнд:
-Хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллага нь нэг салбар байгууллага нэг л үйлчилгээ үзүүлдэг байдлаар зохион байгуулагдсан байгаа. Энэ байдлыг өөрчилж, нэг салбарт олон төрлийн үйлчилгээ нэг зэрэг үзүүлдэг болно.
-Төр өөрт байгаа баримтуудыг иргэнээс шаарддаг байдлыг үгүй болгоно.
-Тэтгэвэр, тэтгэмж, халамж, дэмжлэг гэдэг ойлголтуудыг цэгцэлж, юуг нь ямар үед олгох ёстойг хууль журмаар зохицуулан тодорхой болгоно. Үүний тулд төрөөс иргэдэд олгодог 46 төрлийн халамжаас 22-ыг нь эргэж харах шаардлага үүсэж байгаа.
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нийслэл, аймаг зэрэг Засаг захиргааны нэгжийн хуулиараа нэг ижил орон тоотой байсан. Энэ нь тухайн аймаг, дүүргийн хүн амын тооноос хамаараад ачаалал харилцан адилгүй байх нөхцөлийг үүсгэдэг байсан бол процессын дахин инженерчлэлийн дүнд аймаг, дүүргийн хэлтсүүдийн орон тоог хүн амын тоотой уялдуулж тогтоохоор болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна