​ Израилын арми “Аш Шифа” эмнэлгийг эзэлснийхээ дараа байлдааны ажиллагаагаа түр завсарлана

Х.Батсайхан
2023/11/16

Израилын БХЯ /ЦАХАЛ/ “Аш Шифа” эмнэлгийг эзэлж авсныхаа дараа Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаагаа түр зогсоохоор төлөвлөж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Энэхүү мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн “Financial Times”-т бичсэнээр, Израйлын Засгийн газар яг одоо энэ асуудлыг барууны холбоотнуудтайгаа хэлэлцэж байгаа бөгөөд хэрэгжих магадлал өндөр байгаа аж. 

Гэхдээ энэ нь тэдний дэвшүүлсэн “Аш Шифа” эмнэлэг “ХАМАС”-ын удирдлагын төв байр болсон” буюу эмнэлэгт ХАМАС бүлэглэлийн удирдагчид нуугдаж байгаа гэсэн таамаглал хэр бодитой байхаас ихээхэн шалтгаалах аж. Мөн үүнээс гадна, байлдааны ажиллагаа зогсох нь сайхан мэдээ хэдий ч эмнэлгийг эзлэх ажиллагаа хэрхэн явагдах вэ гэдэг нь дэлхий нийтийн санааг зовоож байна. 

Израилын тал байлдааны ажиллагаа завсарласны дараагаар ХАМАС-ын барьцаанд байгаа иргэдээ суллах талаар яриа хэлэлцээрээ идэвхжүүлнэ гэж “Financial Times”-ын эх сурвалж хэлсэн. Хэлэлцээр одоо ч явагдаж байгаа бөгөөд АНУ, Катарын зуучлалтай өрнөж буй уг хэлэлцээрээр Израилын 50 хүртэлх иргэнийг барьцаанаас суллах асуудал яригдаж байгаа аж. Хариуд нь Израилын шоронд байгаа палестин хоригдлыг суллах асуудлыг ч нөгөө талаас тавьж байгаа ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна