Т.Батцогтын ялалт АН сонгуульд “бүтэн” орох нөхцлийг хангав уу

Х.Батсайхан
2023/11/20

Өнгөрсөн бямба гарагт явагдсан Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуулийн дуулиан тасраагүй байна. Сонгууль явагдахаас өмнө “Ардчилсан намын томчууд Д.Бадарсанг томилохоор санал нэгдэж, багцуудаа нэгтгэсэн” гэсэн “бор шувуу” нисэж байсан ч сонгуульд гол үүрэг гүйцэтгэдэг халз мэтгэлцээн дээр навс ялагдаж, намын нүүр царай болох боломжоо багасгасан. Магадлалаараа хоёрт байсан М.Тулгат сайн байж, мэтгэлцээнийг үзсэн Ардчилсан намын гишүүд гэлтгүй нийслэлчүүдээс өндөр үнэлгээ авсан ч санал хураалтын дүн Т.Батцогтод ашигтай гарсан юм.

М.Тулгатын талд баттай гарах байсан саналын хувь өм, цөм дутсаныг зарим хүмүүс хардаж, “Женкотой тохирчихлоо” хэмээн хардсан. Гэвч тэрбээр ямар ч тохироо хийгээгүй, харин намын хуучуулын зарим нь дэмжинэ гэсэн амлалтаасаа буцсан нь ялагдах шалтгаан болсон гэдгийг “нүүр ном”-доо дэлгэсэн.

Тодруулбал, АН-ын дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо зэрэг гол бүтцүүдэд Х.Баттулгын талын хүмүүс хяналтаа тогтоож, улмаар Намын хорооны нөхөн сонгуулиар 60 шинэ хүн оруулж ирсний ихэнх нь Т.Батцогтод “багцлагдсан” аж. Түүнчлэн, үзэл санаа, үнэт зүйлсийнхээ төлөө нэгдэнэ гэж байсан С.Эрдэнэ амлалтаасаа буцаж, хүмүүс нь Т.Батцогтын талд санал өгсөн нь нөлөөлжээ. Улмаар хурлыг сунжруулж, даалгавартай нөхдүүд л сууж үлдэхээр нөхцөл үүсгэсэн нь цэвэр үзэл санааны төлөө М.Тулгатыг дэмжихэд бэлэн байсан, өөр ямар ч тохироогүй гишүүдийг “Явлаа шүү...” гээд гэртээ харих байдалд хүргэсэн гэнэ.

Эндээс, Х.Баттулга, С.Эрдэнийн францийнхан нийлж Т.Батцогтыг өргөсөн, Лу.Гантөмөрийн "сойсон", Х.Баттулгатай ч тохирсон гэгдэж байсан Д.Бадарсан үзэл санаа тээгчдээс дэмжлэг аваагүй нь сонгуулийн хувь заяаг шийдсэн нөхцөл байдал харагдана.    

Том зургаар нь харвал, МАЭХ-г алдсан Х.Баттулга Нийслэлийн намын хороог авснаар уур нь гарч, “өрх тусгаарлах” бодлоосоо буцсан болов уу. Харин Лу.Гантөмөр даргын хувьд МАЭХ-г МҮДН-д, Нийслэлийн намын хороог Х.Баттулгад хариуцуулснаар эрх ашгийн тэнцвэрийг хангаж, ЕНБД-аа өөрөө томилох эрхээ авч байх шиг байна. Ардчилсан намын дүрмээр 2024 оны сонгуульд жагсаалтаар болон тойрогт нэр дэвшигчийг тодруулах асуудалд хамгийн гол үүрэгтэй оролцох хүн бол ЕНБД юм.  

Энэ өнцгөөс харвал Т.Батцогтын ялалт Ардчилсан намыг өмнө нь задарчихгүй шиг бүрэн бүтнээрээ сонгуультай золгох нөхцлийг хангасан чухал ач холбогдолтой ялалт болжээ. Гагцхүү, энэ чухал ялалтын хөлд үзэл баримтлал, үзэл санаа, зарчим ярьдаг М.Тулгат үрэгдсэн нь харамсалтай.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна