БНХАУ-ыг эрчим хүчээ таслахгүйн тулд уурхайчдын амийг зольж байна гэж шүүмжилжээ

Х.Батсайхан
17 цаг 15 минутын өмнө

БНХАУ өнгөрсөн жил тулгарсан эрчим хүчний дутагдалтайгаа дахиж нүүр тулахгүйн тулд уурхайчдын амь насыг золиосолж байна гэсэн утгатай мэдээлэл “Блүүмберг” цахим хуудаст гарчээ.

Мэдээлэлд БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад олон хүн амь насаа алдсан үйлдвэрлэлийн ослууд гарсан хэвээр, холбогдох албанаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хэвшүүлэх аян өрнүүлж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа талаар өгүүлсэн байна. Хамгийн сүүлд Шаньси мужийн уурхайд 26 хүн амиа алдаж, 38 хүн түлэгдсэн том түймэр дэгдсэнийг нийтлэлд хамгийн сүүлийн жишээ хэмээн дурдсан байв.
БНХАУ-ын ӨМӨЗО-д байдаг нүүрсний уурхайд хөрсний нуралт үүсч, 53 хүн амиа алдсан осол өнгөрсөн хоёрдугаар сард гарч, дэлхий нийтийг хирдхийлгэсэн. Улмаар зургаадугаар сард Ляонинд, долоо, наймдугаар сард Шаньсид олон хүний амь нас хохирсон осол гарсан юм.
Хятадын Уул уурхайн аюулгүй байдлын үндэсний захиргаа дээрх хэргүүдийн дараа “Үйлдвэрлэлийн ослын тоог бууруулахын тулд “Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ” гэж өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн ч хэдхэн хоногийн дараа Гуйжоугийн уурхайд гал гарч 16 хүн амиа алдсан юм.
Үйлдвэрлэлийн хувьд, БНХАУ-ын нүүрсний салбарт энэ онд өнгөрсөн жилийнхээс мэдэгдэхүйц өсөлттэй байж, олборлолтын хэмжээ дөрвөн тэрбум тоннд хүрсэн. Өнгөрсөн жил шиг эрчим хүчний дутагдалд орохгүй гэдгийг эрх баригчид нь байнга хэлж байгаа. Чухам энэ нь “Блүүмберг”-ийг шүүмжилсэн нийтлэл бичих шалтгаан болсон бололтой. БНХАУ-ын холбогдох байгууллагаас гаргасан албан ёсны мэдээлэлд 2022 онд тус улсад нийт 245 хүн уул уурхайн салбарын үйлдвэрийн ослоор нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна