Hellenicshippingnews.com: Монголын нүүрсний экспорт 2024 онд огцом өснө

Х.Батсайхан
2024/01/15

Өнгөрөгч 2023 онд Монголын нүүрсний экспорт өмнөх жилийнхээсээ хоёр дахин өсөж, 66 сая тоннд хүрсэн билээ. Тэгвэл 2024 онд ч энэ маягаар 10+ хувиар өсөж, дахин дээд амжилт тогтоох магадлал өндөр байгаа талаар Hellenicshippingnews.com цахим хуудаст мэдээлжээ.

Хоёр улсын хооронд тээвэр хийх боломж нөхцөл сайжирсан, түүнчлэн Монголоос олон улсын зах зээлийн үнээс арай хямд үнээр худалдаж авах боломж бүрдэж байгаа зэрэг нь ийм үр дүнд хүргэсэн гэж уг мэдээлэлд бичсэн байна. 

Өнгөрсөн онд хоёр улс хил дамнасан тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хуурай замын боомтууддаа авто замын эгнээг нэмэх, гаалийн хяналт шалгалтын хүндрэлийг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажилласан. Тухайлбал, Хятадын талаар манай Гашуунсухайт боомттой хиллэдэг Ганцмод боомтод зөвхөн 2023 онд дээрх чиглэлээр 40 сая юань буюу 5.58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд өнгөрсөн арванхоёрдугаар сард тус боомтоор өдөрт дунджаар 1139 машин нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. 

Үнийн тухайд, Монголоос худалдан авсан коксжих нүүрсний үнэ нэг тонн нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллар байсан нь ОХУ-ын коксжих нүүрснээс 20 хувь, Австралийнхаас хоёр дахин бага байсан гэж уг мэдээлэлд дурдсан байна. 

Үйлдвэрлэгчид ийнхүү Монголоос түүхий эдээ авахаар нэгэнт шийдсэнээр Монголын нүүрсний компаниудын хувьцааны ханш хөрөнгийн зах зээл дээр огцом өссөн. ММС буюу “Энержи ресурс”-ын хувьцааны ханш гэхэд гурав дахин өссөн гэж мэдээлэлд дурджээ.

Цаашдаа, хоёр талаас хилдээ тултал бариад байгаа төмөр замын холболт хийгдэхээр энэ хэмжээ улам өснө гэдгийг мэдээлэлд онцолжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна