“FIFA THE BEST 2023”: Шагналтнууд, дуулиан, хов жив...

Х.Батсайхан
2024/01/16

Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2023 оны шилдгүүдээ тодруулж “FIFA THE BEST 2023” шагналаа эздэд нь өглөө. Олон номинациар тодруулдаг эл шагналын хамгийн гол од нь “Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгч” байдаг бичигдээгүй хуультай. Тэгвэл гишүүн улсуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч, спортын сэтгүүлчид, хөлбөмбөг сонирхогчдын /цахим/ саналаар тодруулдаг уг шагнал энэ жил “санамсаргүй” байдлаар Лионель Мессид очиж хөлбөмбөг сонирхогчдыг талцуулав.  

САНААНД БАГТАМГҮЙ ДҮН БУЮУ Л.МЕССИ ДАХИАД БҮХНИЙ МАНЛАЙД...

Санал асуулгад тэрбээр Эрлинг Холандтай 48, 48 оноогоор тэнцсэн ч багийн ахлагчдын санал олон авсан гэдгээрээ ялагч болсон юм. Тэрбээр шагнал хүртэнэ гэдэгтээ өөрөө ч итгээгүй бололтой, ёслолд очоо ч үгүй. Ялагчийн нэр зарлах үед танхим тэр чигээрээ чимээгүй болсон бөгөөд хэсэг хугацааны дараа хөтлөгч Т.Анри л үүрэг ёсоор нам гүмийг эвджээ.


Олон улсын хөлбөмбөгийн холбоо “FIFA THE BEST 2023” шагналтныг найм дахь удаагаа тодруулж байгаа бөгөөд Л.Месси, Криштиану Роналду, Роберт Левандовски нар тус бүр хоёр, Лука Модрич нэг удаа хүртээд байсан юм. Энэ удаа шилдэг болсноор тэрбээр гурав дахь удаагаа цомын эзэн болж, албан бус өрсөлдөөнд ганцаараа тэргүүлэх болов.

Эрлинг Холандыын хувьд маш харамсалтай байгаа нь мэдээж. Учир нь, “FIFA THE BEST 2023” бол 2023 оны шагнал бөгөөд 2022 он ямар ч хамаагүй. “Катар 2022” ДАШТ-д түрүүлсэн амжилтаа үнэлүүлсэн шагналаа тэрбээр ноднин хоёрдугаар сард авчихсан билээ. Тэгэхээр, хөлбөмбөгийн улирлаар бодож олгодог шагнал гэж андууран мсанал өгсөн хүмүүс нэлээд байсан ч байж магадгүй. Чухам тиймээс Э.Холандын хувьд харамсалтай юм. Л.Месси өөрөө хүртэл Аргентиний шигшээ багийн ахлагчийн хувиар өгсөн саналдаа Эрлингийг нэгт, К.Мбаппег хоёрт, Хулиан Альваресыг гуравт эрэмбэлсэн байсан юм.

БУСАД ШАГНАЛТНУУД: ПЕП, БОНМАТИ, ОНЫ БАЛИАШИГ-ЖАРГАЛТАЙ ЭЦЭГ  

 Шилдэг дасгалжуулагчаар “Ман сити”-гийн Пеп Гвардиола, шилдэг эмэгтэй тоглогчоор дэлхийн аварга Испанийн шигшээ багийн лидер Бонмати тодорсон бол эмэгтэй шилдэг дасгалжуулагчийн цомыг Английн шигшээ багийн Сарина Вигман тодорсон. Английн шигшээ баг уг нь ДАШТ-ий финалд Испанид хожигдсон. Даанч аварга багийн дасгалжуулагч Хорхе Вильд багийн тоглогч Женни Эрмосогийн уруул дээр үнссэн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалесыг өмөөрснөөсөө болоод нэр дэвшиж чадаагүй юм.

Бас нэг шуугиантай мэдээлэл задлахад, хэрвээ Английн эрэгтэй шигшээ баг Евро 2024-т амжилт гаргаж чадахгүй бол орлох хүнээр нь Сарина Вигман яригдаж байна.


Шилдэг хаалгачаар эрэгтэйгээс “Ман сити”-гийн Эдерсон, эмэгтэйгээс “Ман Юнайтед”-ын Мэри Ирпс тодорсон.  

Ф.Пушкашийн нэрэмжит Оны хамгийн уран гол гоолын шагналыг Бразилийн Сери Б дивизионы “Ботафого Рибейран-Прету” багийн тоглогч Гильерме Мадуга тодорсон. Тэрбээр одоо “Куяба” багт шилжсэн бөгөөд түвшин ахихад нь энэ уран гоё гоол хэрэг болсон гэж ярьжээ.

Цэвэр, шударга өрсөлдөөний төлөө олгодог “Фэйр плэй” шагналыг Бразилийн багт өгсөн. Тэд Испанид гадуурхагдсан Винисиус Жуниорыг өмөөрч, талбайд хар өмсгөлтэй гарахаас татгалзсан юм.

Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн шагналтнуудын нэг нь Аргентиний “Колон” багийн хөгжөөн дэмжигч Даниэль Иньигес байсан. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард хөхүүл хүүхдээ цэнгэлдэхэд авчирч, тоглолтын үеэр угжиж байгаа нь цэнгэлдэхийн дэлгэцэнд гарснаар олны танил болсон юм.

Тэрбээр шагнал авахаар гарч ирэхдээ хүүхдээ тэвэрсэн байсан.

Харин олон хүнээс айсан уу, хүү нь уйлж, ээждээ тэмүүлсэн нь танхимд цуглагсдад ихэд таалагдсан юм.  

Бэлгэдлийн шигшээ баг




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна