“Нэг гэр бүл, нэг хүүхэд” бодлогын гай

Х.Батсайхан
2024/01/18

БНХАУ-ын хүн ам 2023 онд хоёр саяар буурч, 1,409 сая болжээ. Тус улсын эрх баригчид 2021 оны тавдугаар сард “Нэг гэр бүл хоёр хүүхэд” бодлогоо буцалж, “Нэг гэр бүл, гурван хүүхэд” бодлогод шилжсэн.

Хүн амын өсөлтийн хувь хэмжээ 10 жил дараалан багасч, яваандаа буурах төлөв ажиглагдаж байгаа учраас ийм арга хэмжээ авсан байдаг. Эдийн засгийн хүчин зүзйл буюу хүн амын дунд тэтгэврийн насныхны эзлэх хувь нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад мөн нөлөөлсөн. Гэтэл энэ шийдвэр үр дүнгээ хурдан өгсөнгүй.

1961 оноос хойш өсөх графикаар явж ирсэн тус улсын хүн ам өнгөрсөн жил анх удаа буурсан бол энэ жил дахин буурч байна.  

Хүн амын тоо буурснаас гадна 1,000 хүн тутамд оногдох төрөлтийн тоо ч бас багасчээ. 2022 онд 1,000 хүн тутамд 6.77 төрөлд бүргэгдэж байсан бол 2023 онд 6.39 болсон байна. Тодруулбал, 2022 онд 9,560,000 хүүхэд шинээр мэндэлсэн бол өнгөрсөн жил 9,020,000 хүүхэд мэндэлжээ.

2021 онд “Нэг гэр бүл, гурван хүүхэд” батлахын өмнөх жил /2020 он/ БНХАУ-д 12 сая хүүхэд төрсөн байна. Гэтэл нэг хүүхдийн бодлогоос хоёр хүүхдийн бодлогод шилжсэн эхний жилд буюу 2016 онд 18 сая хүүхэд төрж байжээ. Энэ нь хоёр хүүхдийн бодлого үр нөлөөгөө үзүүлэхгүй байна гэж дүгнэх, улмаар гурван хүүхдийг зөвшөөрөх үндэслэл болсон. 


Учир нь, нэг хүүхдийн бодлогод шилжсэн 1979 оноос хойш төрөлт тийм бага байгаагүй аж. Тэгэхээр, 2023 оны есөн сая 20 мянган хүүхэд ямар бага үзүүлэлт болохыг төсөөлөхөд төвөггүй биз ээ. .

БНХАУ-д 1979 оноос хойш тогтож ирсэн Нэг хүүхэдтэй байх бодлогын гол одоо ингэж гарч байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэх насны буюу 16-59 насны хүмүүсийн тоо ганцхан жилийн дотор 10,750,000-аар буурсан байна. Харин эсрэгээрээ 60-аас дээш насны ахмад настай иргэдийн тоо өмнөх жилийнхээс 16,930,000-аар нэмэгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна