“Ганвон 2024” залуучуудын өвлийн олимпын наадмын тэмцээн уралдаанууд өчигдрөөс эхэллээ. Манай тамирчдаас биатлончид түрүүлэн тэмцээний салхийг хагалаад байна.
Өчигдөр эмэгтэй ганцаарчилсан 10 км-ийн уралдаанд 98 тамирчин өрсөлдсөнөөс манай Х.Эрдэнтунгалаг 86, Д.Нямсүрэн 90, О.Оюуцолмон 94-р байр эзэлсэн. Энэ зайд Чехийн Илона Плечакова 37:03.4 амжилтаар түрүүлж, Германы М.Кейдэль, Италын Н.Мариотти Гаванье мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Эрэгтэй 12.5 км-ийн зайн уралдаанд 100 тамирчин өрсөлдсөнөөс Франц, Норвеги, Словак ттамирчид эхний гурван байрыг эзэлж, манай Б.Сүхбат 76, Б.Тэмүүжин 80, Т.Амарсанаа 92 дугаар байрт оржээ. "Ганвон 2024" олимпын багийн дасгалжуулагчаар буудлагын спортын ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, гүйлт хариуцсан дасгалжуулагчаар спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар багийн дүнг Франц, Итали улсууд тус бүр дөрвөн алтан медальтай тэргүүлж, гурван алттай БНХАУ нэхэж явна.
Тэргүүлэгч Франц улсын баг тамирчид биатлон, сноубордын төрлөөс тус бүр хоёр алтан медаль хүртсэн бол аман хүзүүнд яваа Италийн баг уулын цанаар нэг, чарганы төрлөөр гурван алт хүртжээ.
Тэргүүлэгчдийн ард яваа ази тивийн төлөөлөл Хятад улс харин гурван алтан медалиа гурвууланг нь шорт трекийн төрлөөс авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна