“Цагаан сард дарагдсан хөлбөмбөг” буюу КАТАРЫН ШИГШЭЭ-гийн ШИНЭ СЭРГЭЛТ

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 16 минут

"Шинийн 1"-ний орой өндөрлөсөн хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээнд түрүүлсэн Катарын шигшээ багийн тухай бяцхан тэмдэглэл хүргэж байна.

Амжилт: 2019, 2023 оны “Азийн цом”-ын аварга, 2021 оны Умард, Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын “Алтан цом”-ын тэмцээний хүрэл медальтай.   

Арабын Халифат, Бахрейний Эмирийн харъяанд ээлжлэн орж, Португал, Турк, Саудын Арабын сонирхлыг хааяа төрүүлэх төдий байсан Катарын газар нутагт Дэлхийн II дайнаас хойш бүгд өөрчлөгдсөн юм.

Газрын тосны ордууд нээгдэхийн хэрээр Английн мөнгө цутгасан бөгөөд мэдээж, хөлбөмбөг бас цуг орж ирсэн түүхтэй. Хөлбөмбөгийн УАШТ-ээ тусгаар улс болохоосоо ч өмнө /1971 онд тусгаар тогтножээ/, 1963 оноос зохион байгуулсан бөгөөд эхэндээ сонирхогчдын түвшинд байгаад, 1972 онд Үндэсний холбоо нь Азийн хөлбөмбөгийн холбоонд элссэний дараа Q-лиг хэмээж, мэргэжлийн чиг хандлага руу орсон аж.

Катарын хөлбөмбөгийн лиг. 1970-аад оны зураг

Үүнээс хойш улсын сан арвижиж, мөнгө төгрөгтэй болсон ч олигтой хөгжүүлж чадаагүй нь цэвэр хүн амын дутагдалтай холбоотой байв. 1990-ээд онд Катар 500 000 гаруйхан хүн амтай байсан. Саяхныг хүртэл, бүр тодруулбал, ДАШТ хүлээж авахаас өмнө ч иймээрээ л байсан бөгөөд хүн ам нь гурван саяд дөхсөн ч уугуул оршин суугчид нь 300 мянга орчим, мөнгө ихтэй, хөлбөмбөгч болох дургүй нөхдүүд байдаг байв.

Тиймээс хөлбөмбөгийн зүтгэлтнүүд нь арга ядаад “Aspire Academy” хэмээх хүүхдийн хөлбөмбөгийн академи байгуулсан нь топ оддыг авчирч багшлуулдгаараа дэлхийд зэгсэн алдаршсан. 

Дэвид Бекхэм цагийн багш хийж буй нь.

Энд Африк зэрэг дэлхийн ядуу буурай ч хөлбөмбөгийн уламжлалтай улсуудаас хүүхэд сонгон суралцуулж эхэлсэн нь иргэнээ болгож тордохын тулд бус, зөвхөн өрсөлдөөн үүсгэж, уугуул катар жаалуудыг идэвхжүүлэхийн тулд гэх ажгуу.

ДАШТ-ИЙ ЭРХ АВСАН НЬ БУЮУ ТҮҮХЭН ЭРГЭЛТ

ОУХХ 2009 оны гуравдугаар сарын 18-нд 2018, 2022 оны ДАШТ зохион байгуулах улсыг нэгэн зэрэг сонгоход Катар АНУ-ыг 14:8-аар ялан дуулиан тарьсан юм. Эрхээ чилийсэн 13 жилийн өмнө авснаар тус улс хөлбөмбөг хөгжүүлж, шигшээ багаа хүчирхэгжүүлэх сайхан боломжтой болсон. Q-лигтээ мөнгө цутгаж, өдгөө Хави Мартинез, Санти Касорла, Рафинья Алькантара, Андрей Айю зэрэг том нэрс тус лигийг чимж буй.

Шигшээ нь ч хүчирхэгжиж, 2015 онд дэлхийн чансааны 86-д байсан бол өдгөө 58 дугаарт бичигдэж байна. Сая өндөрлөсөн “Азийн цом 2023”-ын чансаа тооцогдохоор түүхэн дээд амжилтаа ч эвдэгдэх хэмжээнд дээшээ явах боломжтой харагдана. Катарчууд 2021 оны наймдугаар сард чансаагаа 42 хүртэл өсгөсөн нь одоогоор дээд амжилт байгаа юм.

Одоо хүрээд байгаа энэ өндөрлөгийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ДАШТ-ий  эрх авах, бүтээн байгуулалт өрнүүлэхэд катарчууд асар их мөнгө зарцуулсан. Авсан эрхээ хадгалж үлдэхэд мөн тэр анзааны хөрөнгө зарсан гэх яриа бий. Дэгс ч гэсэн үнэний хувь байгаа биз.

Катарт сүүлийнг жилүүдэд баригдсан шинэ цэнгэлдэхүүд 

Эрх авснаасаа хойш 208 тэрбум евро зарцуулсны 6.75 тэрбум нь л шинэ цэнгэлдэхүүд барихад орсон, бусад нь хөлбөмбөг хөгжүүлэх амбийцад зориулагдсан гэхээр катарчуудын гол зорилго нь хөлбөмбөг хөгжүүлэх, ДАШТ бол түүнийхээ үр шимийг үзэх л мөч байсан гэдэг нь ойлгогдох биз ээ.  

ДАШТ-ээс хойш Катарчууд гавьтай тоглоогүй ч БНХАУ-д болох байгаад хйошлогдож, шилжиж ирсэн “Азийн цом 2023”-ыг нутагтаа амжилттай зохиож, боломжийг ашиглан түрүүллээ. Түрүүлэх түрүүлэхдээ хэсгийн шатанд  Ливан /3:0/ Тажикистан /1:0/, БНХАУ /1:0/-д оноо алдалгүй нэгдүгээр байраар гарч, хасагдах шатанд Палестин, Узбекистан, Иран, Йорданыг хожив.

Шигшээ багийн дасгалжуулагч Бартоломе Маркес

Энэ нь, газрын тосоо шавхан байж олсон 200 гаруй тэрбум евро нь дэмий үрэгдээгүйн илрэл биз ээ. Дараагийн "Азийн цом" 2027 онд Саудын Арабт, ДАШТ харин 2026 онд АНУ, Мексикт болно. Хөлбөмбөгийн ертөнцөд домог болж үлдэх магадлалтай Карлуш Кейруштай өнгөрсөн арванхоёрдугаар сард гэрээ байгуулсан, удахгүй Катарт очиж ажлаа авна. Катар ДАШТ-ий  сорилгод хоёр тоглож, хоёр хожин, сэтгэл тайвнаар тэмцээндээ бэлтгэж байна.     



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.197
    11 цагийн өмнө

    гадныханы спорт талбай нтр бол үнэхээр гайхалтай тээ

    Хариулах