Майк Тайсон: Би тэр хүүг дахин уйлуулахад бэлэн байна

Zuv.mn
2024/03/11

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан “Төмөр” хочит Майк Тайсон ирэх долдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Техас мужийн Арлингтон хотын AT&T Stadium-ын дэвжээнд мэргэжлийн боксын 57 дахь удаагаа тулалдахаар гарч ирнэ. 57 настай “Төмөр” Майкын өрсөлдөгч нь өөрөөс нь 30 насаар залуу Жейк Пол байх юм.

Ютюбер Жейк Пол мэргэжлийн боксын тулаанаа элдэв сонирхолтой нөхдүүдтэй хийж, их хэмжээний мөнгө олж гаршаад байгаа нэгэн бөгөөд ҮСБХ-ны сагсанбөмбөгч Нэйт Робинсон, “One” холбооны аварга асан холимог тулаанч Бен Аскрен, UFC холбооны аварга асан холимог тулаанч Тайрон Вудли гэх мэт есөн өрсөлдөгчөө ялчхаад байгаа нэгэн юм. 


Майк Тайсон тулааны талаар “Техасын ордонд Жейк Полын эсрэг дэвжээнд гарахыг тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд түүний боксын ур чадвар чамгүй өссөн. Тэгэхээр “Жаалхүү” бүх цаг үеийн хамгийн агуу боксчны өөдөөс юу хийж чадах нь сонирхол татах байх. Би Рой Жонстой хийсэн тулааныхаа андеркартад тулалдахыг Жейкт зөвшөөрсөн. Одоо харин өөрийг нь нам цохихоор шийдлээ” гэж ярьжээ. 

Харин Жейк Пол “Төмөр” Майкийн талаар ярихдаа “Хүнд жингийн агуу аварга, энэ ертөнцийн хамгийн чанга эр, бүх цаг үеийн хамгийн аюултай боксчин” гэх тодотгол хэрэглэж, хүндлэл алдахгүй байгаа ч “Унтуулна аа” л гэж буй. 

Тулааны сураг гарсны дараа Майк Тайсон, Жейк Пол нарын 20 гаруй жилийн өмнө хамт авахуулсан нэгэн зураг интернэтэд тавигдсан. Уг зурагт бяцхан Жейк Пол цамцнаас нь зуух Майкаас айж, уйлж, зугтахыг оролдож буй агшин буусан. Майк энэ зургаас санаа авч “Тэр хүүг дахиад уйлуулна гэж бодож байна” хэмээн ярьсан нь мөн олны анхаарлыг татаад байгаа юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.49
    2024/03/11

    Жаалыг дахин уйлуулаа. Ахын алганы амтыг жаалд үзүүлэх хэрэгтэй.

    Хариулах