Б.Мустафазаде: Гоолын боломжуудаа эрт ашиглах ёстой байсан юм

Х.Батсайхан
2024/03/25

“FIFA Series” тэмцээний хүрээнд Монголын шигшээ багтай тоглоход хожлын гоол оруулж, Европын багийн эсрэг анх удаа оноо авах түүхэн боломжийг алдуулсан хамгаалагч Бахлул Мустафазаде тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр гаргасан боломжуудаа эртхэн ашиглах ёстой байсан гэж хэлжээ.

“Бид их олон боломж гаргасан. Тэр боломжуудаа эртхэн ашиглах ёстой байсан юм. Гэхдээ боломжууд заримдаа “чулуу” болж, заримдаа болдоггүй шүү дээ” гэж тэрбээр онцолжээ. Тэрбээр Азербайжаны шигшээ багийн гол зорилгыг “Болгарын багтай сайн тоглож, хожих явдал” гэж тодорхойлжээ.

Бахрул Мустафазаде тоглолтын өмнөх хэвлэлийн хуралд тоглогчдыг төлөөлж орохдоо “Хөлбөмбөгийн өөр соёл уламжлалтай багтай тоглох нь бидэнд том туршлага болно” гэсэн дипломат хариулт өгч байсан юм.  

Дашрамд, Бахрул Мустафазаде нь улсынхаа “Карабах” багт тоглодог бөгөөд уг баг “Европа лиг”-ийн шөвгийн 16-д энэ жил Европын тавцанд нэг ч хожигдоогүй байгаа “Байер”-тай хоёр тоглохдоо хоёуланд нь 2:0-ээр хожиж яваад тэнцэж /2:2/, хожигдон /2:3/ харамсалтайгаар “мултарсан” юм.  

Болгар, Азербайжаны шигшээ багийн тоглолт өнөөдөр болно. Манай “Талын хөх чононууд” мөн Танзанийн шигшээ багтай тулах юм. Танзанийн шигшээ өмнөх тоглолтод Болгарт 0:1-ээр хожигджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна