“Торгоны зам” ралли Монголд бариалахаар болжээ

Х.Батсайхан
2024/04/01

ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын нутагт болдог байсан “Торгоны зам” авто раллийн маршрутаас энэ жил БНХАУ хасагджээ. Урд хөршийн Авто, мото спортын холбоо нь ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь бүрэн зогсонги байдалд орсон бөгөөд үйл ажиллагаагаа одоо болтол сэргээж амжаагүй тул уралдааныг нутагтаа хүлээж авах боломжгүйгээ мэдэгдсэн байна.

Ингэснээр уралдааны маршрут одоогийн байдлаар ирэх долдугаар сарын 5-нд ОХУ-ын Томскт эхэлж, 15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт бариалах болжээ. Эхний дөрвөн гараа ОХУ-ын нутагти, Сүүлийн долоон гараа нь Монголд болохоор болсон аж.

Тодруулбал, ОХУ-ын Томск, Барнаул, Горно-Алтайск, Кош-Агачийг дамжин Монголын говиор уралдсаар нийслэлд ирэх аж. Хэдий БНХАУ-ын хэсэг хасагдсан ч уралдаан хэвийн зайгаа хадгалах /5,500 км/ гэнэ.

“Улаанбаатар бол хамгийн сайхан хотуудын нэг, тиймээс Торгоны зам ралли Монголд эргэн ирээд зогсохгүй, нийслэлд нь бариалахаар болсонд би баяртай байна. Авто, мото сонирхогчдын хувьд жинхэнэ баяр болно гэдгийг амалъя. Бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсад талархал илэрхийлье” гэж “Парис Дакар” раллийн долоон удаагийн аварга, өдгөө “Торгоны зам” уралдааныг зохион байгуулах хорооны захирлаар ажиллаж буй Владимир Чагин ярьжээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.124
    2024/04/01

    Улс орны хөгжилд ямарч хэрэггүй байгаль сүйтгэсэн арга хэмжээ болно шүү, энэ тэмцээн боллоо гээд Монголд, монгол хүмүүст юу ч үлдэхгүй бөөн тоос, хагдарч хугарсан өвс ургамал л үлдэнэ шүү

    Хариулах