"Инээдмийн баярын өдөр"-т: Дэлхийг цочоосон хамгийн үнэмшилтэй хууралтууд

Х.Батсайхан
2024/04/01

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд дэлхий нийт худал хуурмагт автдаг. Энэ жил гэхэд ч олон хууралтууд гарч байна. Гэхдээ түүхэнд үлдсэн шилдэг, амжилттай хууралтуудын дэргэд юу ч биш ажээ. Бид та бүхэндээ хамгийн үнэмшилтэй болсон хууралтуудыг хүргэж байна. 

Ангарагынхны довтолгоон

Герберт Уэллсын “Оддын дайн” зохиолоос сэдэвлэсэн жүжиг 1938 онд радиогоор нэвтрээд АНУ-ын зүүн эргийн хэдэн сая иргэдийг хямраасан түүх бий. Жүжгийг найруулан тавьсан, их зохиолчтой овог нэгт эр Орсон Уэллс Ерөнхийлөгч Рузвельтийн мэдэгдлийг хүртэл тун ч адилхан үнэмшилтэй хийсэн нь сая, сая иргэдийг гэрээ орхин зугтахад хүргэсэн гэдэг.


Яаруу нэгэн нь цонхоороо үсэрч бэртэж байжээ. Замууд хаагдаж, эмх замбараагүй байдал ч бий болсон байна. Энэ байдлыг харахад үнэхээр л ангараг гаригаас довтолж байгаа мэт байсан гэж нүдээр үсэн хүмүүс ярьдаг байсан гэнэ лээ. Энэ бүх хөөрөл маргааш өглөө нь л намджээ.  

К.Черненкогоос ирүүлсэн мэндчилгээ

1984 он бол интернэт дөнгөж л бий болж, хэрэглэгчдийн ихэнх нь Usenet хэмээх сүлжээнд ордог байсан үе. Гэтэл дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус сүлжээний олон хэрэглэгчид “ЗСБНХУ-ын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Константин Черненкогоос” гэсэн хаягтай “Европ Америкийн хэлэлцээрийн талаар” захидал хүлээж авах нь тэр.


Захидалд “Нөхөд өө. Архиа задал, хундагалацгаа. Бид энэ сүлжээнд ч болтугай нэгдсэний төлөө ууя. Бас эрүүл энхийн төлөө” хэмээн бичсэн байжээ. Үүнийг мэдсэн Холбооны мөрдөх товчоо, ТТГ ихэд сандран зэвсэгт хүчиндээ “Дэлхийн гуравдугаар дайнд бэлтгэх” үүрэг өгч байжээ. Гэвч дараа нь энэ бүхэн Пит Беерт хэмхээх голланд залуугийн тоглоом байсан нь илэрсэн байдаг. Харин ЗХУ зургаан жилийн дараа интернэтийн сүлжээнд нэгджээ. 

Сара Пэйлинийг чадсан нь

АНУ-ын Аляска мужийн амбан захирагч асан, БНН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Сара Пэйлин Канадын радиогийн хөтлөгч Марк-Антуан Одеттын шоглоомын золиос болжээ. Тэрээр Сара руу Францын Ерөнхийлөгч Николя Саркози болж ярьсан бөгөөд Hustler Video компанийн бүтээсэн «Nailin` Paylin» насанд хүрэгчдийн киноны гол дүр өөртэй нь маш адилхан болсныг дуулгасан аж. 


Аляскийн амбан захирагч үүнийг сонсоод “Тийм үү. Баярлалаа” хэмээн хариулжээ.

Харийн хүний цогцос

1995 онд английн кино продюсер Рэй Сантилли 1947 онд АНУ-д сүйрсэн /Розуэллийн хэрэг/ нисдэг тавагнаас олдсон харийн хүний цогцсыг харуулсан видео хийж дэлхий нийтийг хуурсан юм. 


Сүүлд хуурамч гэдэг нь мэдэгдсэн ч энэхүү видео харь гаригийн тухай нэвтрүүлэг,  баримтат кинонд ашиглагдсаар байгаа билээ.

“Эрдэнэшишийн хүүхдүүд”

Эрдэнэшишийн талбай дээр нууцлаг тойргууд үүсэн бий болсон хачирхалтай тохиолдол олон байдгийг бид бүгд мэднэ. Энэ бүх дугуй дүрснүүд өөрсдийнх нь бүтээл гэж Британийн зураач Дейв Чорли,Даг Бауер нар 1991 онд мэдэгджээ. Гэвч тэд хэрхэн хийснээ баталж чадаагүй нь мэдээж хэрэг.







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна