П.Дэлгэрнаран: Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авна


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарантай ярилцлаа.

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулиудын онцлог зохицуулалтаас танилцуулна уу?

Улсын Их Хурлын сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулах, Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг чиглэлээр 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Мөн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. 

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 191 дүгээр зүйлд заасны дагуу нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх, бодлогын нам болж хөгжихөд нь төрөөс шууд болон шууд бус байдлаар дэмжлэг үзүүлэх зэрэг зарчмын олон өөрчлөлтийг хуульчилсан.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн, төрөөс үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, намын дотоод зохион байгуулалт бүтэцтэй холбоотой зохион байгуулалтыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 Дээрх хоёр хууль нь үзэл баримтлал, зохицуулалтын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэ тутам хуульчлагдсан тул хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэлийг бүрэн хангах, сонгогч, иргэд, олон нийтэд хуулийн тогтоомжид оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээлэл, ойлголт өгөх уулзалт сургалтыг өргөн хэмжээнд зохион байгуулах, шаардлагатай хүний болон бусад нөөцийг бүрдүүлэх, бэхжүүлэх нь нэн тэргүүнд зохион байгуулах шаардлагатай үйл ажиллагаа юм.

 Иймд 2023 оны А/40 дүгээр захирамжаар “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөнд үндсэн 5 чиглэлийн нийт 27 арга хэмжээ авч ажиллахаар тусгасан.

-Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлж байна вэ?

 Сонгуулийн тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, сонгогчдод ойлгомжтой, хүртээмжтэй сонгуулийн сурталчилгааны эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “нэгдсэн самбар” ашиглахаар хуульчилсан. Нэгдсэн самбар нь суманд 2, аймгийн төвийн суманд 5, нийслэлийн хороонд 4 хүртэл хэмжээтэй байх бөгөөд уг самбарыг сум, дүүргийн Засаг дарга бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна.

 Нэгдсэн самбарын зураг, төсвийг Барилгын хөгжлийн төвд хүсэлт гаргаж хийлгүүлсэн бөгөөд уг тооцооллыг Сангийн яам болон 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт 2023 оны 7, 8, 11 дүгээр саруудад буюу нийт 3 удаа зөвлөмж хүргүүлсэн.

 Сонгуулийн тогтолцоо болон Улсын Их Хурлын гишүүдийн тооны өөрчлөлттэй холбоотойгоор сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдэнэ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч 9-өөс 11 төрлийн баримт, лавлагааг бүрдүүлдэг.

 Иймд нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах, холбогдох лавлагаа, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” цахим системийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн хөгжүүлж байна. Энэхүү систем нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад үүсдэг олон төрлийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар авах, бүрдүүлэх боломжтой юм. 

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “и-монголиа”-ийн үйлчилгээний төрөлд нэмэгдсэн бөгөөд 2023 оны орон нутгийн нөхөн болон дахин сонгуулиар системийн туршилтыг амжилттай зохион байгуулсан. Мөн бие даан нэр дэвшигчдийн гарын үсэг зуруулах үйл ажиллагааг “и-монголиа” системээр дамжуулан цахимаар зохион байгуулах техникийн шийдлийг боловсруулан ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ зохион байгуулж буй 18-25 насны сонгогчдод сонгуулийн ач холбогдол, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны онцлог, сонгуульд хариуцлагатай оролцох тухай мэдлэг олгох “Хариуцлагатай сонгогч” албан бус, үндэсний хөтөлбөрийн агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулан сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 110 сургагч багш бэлтгэсэн бөгөөд одоогоор 18-25 насны нийт 4500 орчим сонгогчид дээрх чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаад байна.

  Улс төрийн намын тухай хуульд зааснаар төрөөс намд үзүүлэх шууд дэмжлэгийг 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг үндэслэн тооцож, улмаар хуульд  заасан шаардлага хангасан намд 2025 оны нэгдүгээр сараас эхлэн энэхүү шууд дэмжлэгийг үзүүлж эхэлнэ.

 Мөн шууд бус дэмжлэг буюу намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг сонгуулийн бус жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах зохицуулалтын хэрэгжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газруудад үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгах болон бусад шаардлагатай бэлтгэл хангах асуудлаар зөвлөмж хүргүүлэх ажлыг төлөвлөөд байна.

 Улс төрийн намын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо Улсын дээд шүүхтэй хамтран “намын дарга, дүрэм, хөрөнгө түүний өөрчлөлтийн бүртгүүлэх, намыг идэвхгүйд тооцох баримт бүрдүүлэх журам”-ыг, Сангийн яамтай хамтран “Намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журам”-ыг тус тус батална. Үндсэн төлөвлөгөөний дагуу журмын төсөл боловсруулах, бусад байгууллагатай хамтран ажиллах ажлын хэсгийг Хорооны нарийн бичгийн дарга ахлан ажиллаж байна.

  Сонгуулийн Ерөнхий хороо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссоос дээрх чиглэлээр мэдээлэл авах, туршлага судлах уулзалт-сургалтыг Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан. Энэхүү туршлага судлах уулзалт-сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл, Улсын Дээд шүүхийн төлөөлөл оролцлоо.

  Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, улс төрийн намыг дотоод ардчилалтай, хяналттай, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг улс төрийн нам, олон нийтэд тайлбарлан таниулах, хуулийг нэг мөр, зөв ойлгуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн уг хуулийн хэрэглээний гарын авлага боловсруулах асуудлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хандсан. Уг хүсэлтийн дагуу энэ онд багтаан гарын авлага боловсруулах ажил эхлээд байна.  

Энэхүү гарын авлага нь цаашид уг хуулийг улс төрийн нам, олон нийтэд тайлбарлан таниулах сургалт, үйл ажиллагааны үндсэн хэрэглэгдэхүүн болох бөгөөд хуулийн үндсэн зорилго, үзэл баримтлалын талаар улс төрийн нам, олон нийт үнэн зөв, нэг мөр ойлголттой болсноор хуулийн хэрэгжилтийг талууд бүрэн хангах боломж бүрдэнэ.

 Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх дээрх сургалтыг хуваарийн дагуу 11 дүгээр сард багтаан зохион байгуулж дуусгалаа. 12 дугаар сард батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах талаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх улс төрийн намын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Мөн уг уулзалтаар Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгыг тодорхойлсон бодлогын баримт бичиг буюу намын хөтөлбөрийг хуульд Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн намын тухай хуульд заасны дагуу боловсруулах, 2024 оны ээлжит сонгуулиас өмнө иргэд сонгогчид нээлттэй танилцах боломжийг бүрдүүлэх асуудлаар зөвлөмж өгөхөөр төлөвлөж байна.

-Хууль тогтоомж сурталчлах, мэдээлэл өгөх сургалт, уулзалт зохион байгуулах ажил үргэлжилж байна уу?

 Сонгуулийн хууль тогтоомж болон Улс төрийн намын тухай хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах зорилгоор 2023 оны А/39 дүгээр захирамжаар үндсэн 5 сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан.

 Дээрх батлагдсан хөтөлбөрийн дагуу бүх шатны сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчид, улс төрийн нам түүний гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчдод дээрх хоёр хуулийг тайлбарлан таниулах, мэдээлэл өгөх сургалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хуваарь гарган зохион байгуулж ажиллалаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран 2023 оны 08 дугаар сарын 25-наас 29-ний өдрийн хороонд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад, 2023 оны 09 дүгээр сарын 17-ноос 22-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймгуудад,

Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт,

 2023 оны 10 дугаар сард Өмнөговь, Дундговь, Төв аймаг, нийслэлийн 9 дүүрэгт, 11-р сард Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл аймагт мэдээлэл өгөх уулзалт, сургалтыг зохион байгуулсан.

 Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах ярилцлага, хөтөлбөрт оролцох чиглэлээр Монголын үндэсний радиотой хамтран “Сонгуулийн боловсролд” радиогийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэн нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судлаач, сэтгүүлч бэлтгэх зорилготойгоор Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулагдсан “Сонгуулийн боловсрол клуб”-ээр дамжуулан дээрх 2 хуулийн талаарх онцлог өөрчлөлт, үзэл баримтлалын талаар сэтгүүлч, судлаачдад мэдээлэл өгөх уулзалт-сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

 Сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, судалгааг тогтмол сонгогчдод хүргэх зорилго бүхий улирал тутмын “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийн 2023 оны 03 дугаарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон онцлог зохицуулалтын талаар мэдээлэл бэлтгэн цаасан болон цахим хэлбэрээр сонгогчдод түгээх ажлыг зохион байгуулж байна. Мөн сонгогчдод сонгуулийн боловсрол олгох зорилго бүхий “Сонгогчийн ном” эмхэтгэлийг хэвлүүлэн сонгогчдод цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлэх, цахим номын сан үүсгэх ажлыг зохион байгуулж байна.

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Сонгуулийн ерөнхий хороонд энэ чиглэлийн хүний нөөц бүрдүүлэх, чадавхжуулах шаардлага бий болсон. Энэ ажлын хүрээнд юу хийж байна вэ?

- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намын санхүүжилт, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчлагдсан бөгөөд уг чиг үүргийг хэрэгжүүлэх бүтцийн нэгж байгуулах, Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Улсын Их Хурлаар тогтоолгох асуудлаар санал, дүгнэлтээ бэлтгэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Мөн Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу шинээр нэмэгдэх орон тоо бүрээр Албан тушаалын тодорхойлолт батлуулах, зарлах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

   Баярлалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна