УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн өргөн барьсан "Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төсөл" өргөн баригдаж, өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх товд орсон байсан.
Түүний өргөн барьсан хууль нь ганцхан заалт өөрчлөх буюу
"5 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байна." гэх заалтыг өөрчлөх юм.
Хуулийн төсөлд: "1 дүгээр зүйл. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн "2023" гэснийг "2026" гэж өөрчилсүгэй." хэмээн тусгажээ.
Банкны тухай хуулиар:
- Банк өөр төрлийн бизнес рүү орохгүй байх хязгаарлалт
- Банкны нэг хувьцаа эзэмшигч 20 иос ихгүй хувь эзэмших
- Топ 5 банк нээлттэй хувьцаат хэлбэрт шилжих гол гурван заалт тусгагдсан. Дээрх заалтуудын хэрэгжих хугацааг 2026 он хүртэл хойшлуулна гэсэн үг юм.
Хэлэлцэх товтой холбогдуулан зарим УИХ-ын гишүүд ч эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Монгол банк "Банкны тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангаж, хянаж чадахгүй байна. Том банкнуудаа хаацайлж, толгойг нь илсээр өнөөг хүрлээ" хэмээн хэлж байлаа. Бид банкны салбараас 100 хувь хамааралтай болсон. 2021 онд бид банкны монополыг задлах гэж Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байсан. Тэр хуулиар банкуудын хувьцааг олон нийтэд гаргах, 20 хувиас дээш хувьцаа эзэмшихгүй байх зэрэг гол заалтуудыг хийж өгсөн. Гэтэл өнөөдөр тэр 20 хувь эзэмшлийн асуудал гацсан байна. Үүн дээр маш том лобби явж байна гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ч "Зориг гаргаад Банкны монополийг задлах хууль батлуулсны төлөө гурван жил хулгайч гэж дуудууллаа. Эхний хоёр заалтыг хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл Б.Баттөмөр гишүүн хэрэгжих хугацааг хойшлуулна гээд төсөл оруулж ирж байна. Ийм байж болохгүй. Яагаад өнөөдөр банкны хүү өндөр, тэдний хөрөнгийг Төв банк нь ямар ч эрсдэлгүй хадгалаад сууж байгаа юм бэ? Эцсийн дүндээ иргэд яаж хүүнд дарлагдаж, хохирч байгааг харсаар байж яагаад банкуудын эрх ашгийн талд, энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах үед хэрэгжилтийг нь хойшлуулах хууль оруулж ирж байгаа юм. Үүнийг бий хатуу эсэргүүцнэ. Тэглээ гээд дайралт, харлуулалт, гүтгэлэг тасрахгүй явуулах биз. Туулаад л ирсэн" хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Өргөн баригдсан хууль хуулийн төслүүд тодорхой тооцоо судалгаатай байдаг. Ялангуяа олон эсэргүүцлийг давж, хэрүүл тэмцэл дагуулсан хуулийн төсөл бол Банкны тухай хууль. Харин үүний хамгийн гол амин сүнс болсон заалтууд нь хэрэгжихгүй хойшилсоор байвал Банкны тухай хууль батлагдсаны хэрэг гарахгүй биз.
Магадгүй, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжих хугацааг хойшлуулж, шинэ парламент бүрдэхэд бүр хүчингүй болгох төлөвлөгөөтэй ч байж болох. Учир нь 2020 онд бүрдсэн парламент Банкны тухай хуулийг баталсан. Мэдээж өөрсдийн баталсан хуулиа хүчингүй болгохгүй нь ойлгомжтой. Тухайн үедээ л банкны монополийг задлах, иргэдэд нээлттэй болгох маш том реформ хийгдлээ хэмээн ярьж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.94
ХААН банктай таван богд ГЭРЛУГТ цэцэрлэг нээж өгнө үү?
Хариулах202.9.40.118
hogiin honhoriin hogiin hulgaich
Хариулах