“Парис 2024” олимп яг болох уу

Х.Батсайхан
2024/05/01

Зуны олимпын наадам жилийнхээ хамгийн чухал үйл явдлын тоонд зүй ёсоор ордог. Энэ жил олимпын жил бөгөөд Францын Парис хот хүн төрөлхтний баяр цэнгэл наадмыг хүлээж авахаар бэлтгэж буй. Гэхдээ олимпын наадам яг болох эсэх, болдог юм аа гэхэд нээлтийн ажиллагаа болон тэмцээн уралдаан төлөвлөж байсан шиг өргөн дэлгэр, нээлттэй болох эсэх дээр бага зэрэг эргэлзээ байсаар л байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг Францын Үндэсний олимпын хороог допингтой хатуу тэмцэж чадахгүй байна, хэрвээ энэ байдлаа үргэлжлүүлсээр байх аваас олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрхийг нь хураана гэж мэдэгдэж байлаа. Энэ бол хоёр жилийн өмнөх асуудал. Тэгвэл өдгөө аюулгүй байдалтай холбоотой хүндрэлүүд яригдаж байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон аюулгүй байдлыг хангах тал дээр баталгаа өгч чадахгүй байгаа учраас асуудлыг шийдэх альтернатив шийдлүүдийг хайх хэрэгтэй болсон талаар мэдэгдсэн нь спортын ертөнцөд эргэлзээ тээнэгэлзлийг бий болгоод байна. Нийслэл хот хархнуудаа устгаж, орон гэргүй мянга, мянган хүмүүсийг нийслэлээс албадан гаргасан ч энэ болох хийх ёстой ажлын хамгийн наад зах нь гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байна. 

Парисын олимпын нээлт түүхэндээ анх удаа цэнгэлдэхэд биш, Сена мөрний эрэгт зохион байгуулагдахаар төлөвлөсөн. Ингэснээр нээлтийн ёслолд 600,000 хүн оролцож, үзэх боломж бүрдэнэ гэж ЗБХ-ноос төлөвлөж байсан ч дараа нь хүний тоог 300,000 болгож хоёр дахин багасгасан. 

Москвагийн “Крокус сити холл” театрт халдлага гарсны дараа Франц улс алан хядагчдын халдлагаас сэрэмжлэх түвшингээ нэмэгдүүлсэн. Харин Зохион байгуулах хороо нь нээлтийг цуцлах талаар асуудал тавиагүй ч хүмүүсийн цүнхийг сайтар шалгах ажилтны тоо хүрэлцэхгүй байж мэднэ гэсэн асуудлыг төр засагтаа тавьж байна. Харин Олон улсын олимпын хороо Франц улсад аюулгүй олимп зохион байгуулж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж буй. 

Харин эрх баригчид олимпын нээлт цуцлагдаж магадгүй гэсэн олон янзын шалтгаан заасан мэдээлэлд үгүйсгэл хийхгүй байгаа нь хариуцлагаас бултах гэсэн үйлдэл мэт сэтгэгдэл төрүүлж байгаа талаар иргэд нь дуугараад эхэлсэн байна. 

Дөнгөж өчигдөр "Парис 2024" олимпын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө бүхий зөөврийн компьютерийг хариуцсан ажилтнаас нь хулгайлсан хэрэг гарчээ.  

Харин зохион байгуулах хорооноос зөөврийн компьютер алдагдсан байтугай, түүнээс өмнө олон улсын хэвлэлээр гарсан, Парис хотод вирусийн гаралтай халдварт өвчний дэгдэлт эрс ихэссэн асуудалд ч хариу өгөөгүй байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна