ПРОГНОЗ: Б.Дэлгэрсайханы "ВАНТ" улсын эсрэг "Ажнай"-гийхан "ТУЛАХ VII тойрог

С.Гандэлгэр
2024/05/03

Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна. 

УИХ-ын ээлжит сонгуулийн VII тойрог буюу Говийн бүс

VII тойрогт Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн аймгууд хамаарна. 2020 оны УИХ-ын сонгуулиар энэ бүсийн аймгуудаас ганцхан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ АН-аас УИХ-ын гишүүн болон сонгогдсон. Мөн ҮХНӨ-н дагуу хоёр мандат нэмэгдэж говийн бүс есөн мандаттай болсон. 

Өмнөговь 47,000 гаруй сонгогчтой, Дундговь 30000 гаруй, Дорноговь 45000 гаруй, Говьсүмбэр 11000 гаруй сонгогчтой. Тэгэхээр Өмнөговь, Дорноговь аймгаас гаралтай нэр дэвшигчдэд давуу талтай гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбогдуулан говийн аймгууд нэг тойрог болсон нь АН-д халтай шийдвэр. Дорноговь, Дундговь бол МАН-ын аймаг. Өмнөговь бол АН-ын аймаг. Ерөнхийдөө АН ялдаг аймгуудыг МАН ялдаг аймгуудтай нэг бүс болгож нэгтгэх замаар ялалт байгуулах тактик энэ бүсэд ч хэрэгжих магадлалтай гэсэн үг. 

Мөн найман жил засагласан МАН-ын мөнгөтэй, бизнестэй улс төрчид МАН талаас дэвших чигтэй байна. Харин говийн бүсийн АН олон сонгууль дараалаад ялагдсан. Гол кандидатаа нүүрсний хэргээр алдсан шалтгаанаар Говийн бүсэд хүч тэнцвэргүй Сонгууль болох магадлалтай. 

Монгол Ардын Нам 

МАН-аас Дорноговь аймгийн квотоор Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар дахин нэр дэвшинэ. Үеийн үед Дорноговь аймгийг өөрийнхөө "Вант улс" болгосон Б.Дэлгэрсайханыг давж гараад нэр дэвших хүн нэгээхэн ч үгүй биз. Түүнтэй хамт 1997 оноос хойш Дорноговь аймгийн шат шатны төрийн албаны албан тушаал хашиж, 2016-2020 оны хооронд Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Т.Энхтүвшин дахин нэр дэвших нь ээ. Т.Энхтүвшингийн хувьд гишүүн асан Ж.Батсуурийн хүн гэж яригддаг байсан. Харин Б.Дэлгэрсайхан түүнийг УИХ-ын гишүүн болгосон гэгддэг.  

Дундговь, Говьсүмбэр аймгийн квотоор Б.Саранчимэг, Сү.Батболд нар нэр дэвших нь бараг л тодорхой болсон байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар БЗД-ээс сонгогдсон Б.Саранчимэг энэ удаа тойргоо сэлгэж, дүү Б.Наранхүүгийнхээ тойрогт хүч үзэхээр шийдсэн байна. Ер нь сүүлийн хэдэн жилүүдэд Дундговь аймагт чамгүй ажилласан. Дундговийн уугуул, дүүгийнх нь суурь ч байгаа учраас түүнд боломж байгаа биз. 

2000-д оноос хойш төрийн өндөр албан тушаал хашиж байсан Сү.Батболд тойрог сэлгэх асуудал яригдахгүй бөгөөд говийн бүсээс нэр дэвшинэ гэж яригдаж байна. Томоохон бизнес эрхлэгч, МАН-ын том санхүүжүүлэгч гэдэг утгаараа МАН-даа маш том нөлөөтэй. Ер нь 2004 онд анх УИХ-ын гишүүн болсноосоо хойш таван удаа УИХ-д сууж, төрийн ордноос гараагүй нэгэн юм. МАН-ын шат шатны албан тушаал, Ерөнхий сайд хүртэл хийж байсан гэдэг утгаараа том дүр. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Сү.Батболд туг барьж улс төр хийхээс илүү хөшигний ард тоглолт хийж байгаа. Нөгөө талд Дорноговьд ч, намдаа ч том байрь суурь эзэлж байгаа нэгэн нь Б.Дэлгэрсайхан байгаа юм. 

Харин өмнөх сонгуулиар Дундговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон Г.Мөнхцэцэгийг УИХ-д дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл байна. 

 Өмнөговь аймгийн квотоор Ө.Золбаяр, Л.Энхболд, Д.Занданбат нар нэр дэвшихээр яригдаж байна.

Говийн бүсэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр түүний хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр нэр дэвшихээр горилж байгаа. Аймгийнхаа төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2016 онд УИХ-д нэр дэвшин гишүүн болж байсан. ЖДҮ-г тоносон хулгайн хэрэгт нэр холбогдож байсан нэгэн. Сүүлд нүүрсний хэрэг мандах үед аль 2018 онд л би хэлж байсан, нүүрсний хулгайг би илрүүлсэн гэх мессежээр улс төр хийсэн. Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат ч сүүлийн хэдэн жил Өмнөговь аймагт нэр дэвших бэлтгэлээ хангаж байсан ч тойрог томсгосон нь түүний идэвхийг сулруулсан. 

Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг "засаг дарга нарын фракц"-аас нь нэр дэвшүүлэхээр шахаж байгаа ч нэгэнт улс даяар нүүрсний асуудалтай холбогдож "Анхны 17"-гийн нэг болсон учраас нэр дэвших магадлал багатай. Гэсэн ч түүний хувьд найдвар тээсээр аймгуудаараа тойрон ажилласаар байгаа. 

Ардчилсан нам 

Дорноговь аймгийн квотоор Д.Алтангэрэл, Г.Ганбаатар 

Д.Сүндийгийн ах Д.Алтангэрэл гэвэл олон нийт мэднэ. Ах дүү хоёр "Нэт капитал" гэх томоохон банк бусыг удирддаг банк бусын боссууд. Дүү Д.Сүндий нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хорих ял авсан нэгэн. 2020 онд АН-аас мандат өгөөгүй учраас Чингэлтэй дүүрэгт "Сахигтун" эвслээс нэр дэвшин ялагдсан. Харин Д.Алтангэрэл Дундговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм. Энэ сонгууль бол түүний даагаа нэхэх сонгууль. 

2012-2016 оны хооронд Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар УИХ-д нэр дэвшихээр бэлдэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 12-р тойрогт Г.Мөнхцэцэгтэй өрсөлдөөд 2800 хүний саналаар ялагдаж байсан нэгэн юм. 

Дундговь, Говьсүмбэр аймгийн квотоор Р.Эрдэнэбүрэн, О.Баасанхүү

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн. Аль 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Түүнээс хойш БХБЯ-ны ТНБД, Ч.Сайханбилэгийн зөвлөх гэх мэт албан тушаал хашиж байсан. Намдаа Grand Alliance фракцид харъяалагдаж байгаа. 

О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-д элсээд бараг таван жил болж. МАХН-д байхдаа хоёр удаа УИХ-д сонгогдсон бөгөөд АН-д элсээд 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт нэр дэвшсэн ч ялагдсан. Намдаа "Grand alliance" фракцид харъяалагдаж байгаа. 

Өмнөговь аймгийн квотоор Р.Сэддорж, Н.Энхбат, Д.Мөнхбаясгалан, О.Эрдэнэ-Өрнөх Б.Энхмөнх 

Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддоржийн хувьд Д.Бат-Эрдэнийн хүн. Бараг сүүлийн 20 жил Д.Бат-Эрдэнэтэй толгой холбосон. АТГ-аас "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй хамт түүнийг шалгаж байсан ч хэргээ зохицуулсан бололтой УИХ-д нэр дэвшихээр бэлтгэж буй. Түүнийг улс төрийн хүрээнд "Ажнай"-н хойд дүр гэцгээж буй. 

Түүнтэй хамт мөн л Д.Бат-Эрдэнийн хүн Н.Энхбат нэр дэвшихээр яригдаж байна. Аймгийн ИТХ-д хэд хэд сонгогдож, засаг даргын орлогчоор ажиллаж байгаад аймгийн ИТХ-ын дарга болсон. Мөн л хөшигний ард "Ажнай" Д.Бат-Эрдэнийн дэмжлэгтэй учраас дэвших магадлал тун өндөр. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгээр шинэ кандидат орж ирсэн нь сэтгүүлч Д.Мөнхбаясгалан байлаа. Мөн залуучуудын төлөөлөл О.Эрдэнэ-Өрнөх, Б.Энхмөнх нарын нэр яригдаж байна.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.93.25
    Өчигдөр

    Dornogovi delgersaihanaas salah ni todorhoi altangerelee demj zaluu setgedeg tolgoi heregtei bn nam mam gehee boli l do humuusee eh oron gazar shoroondoo ezen baij ur huuheddee uldeeh mini

    Хариулах
  • 202.126.90.146
    Өчигдөр

    Хогнууд шүү

    Хариулах
  • 66.181.182.94
    2024/05/03

    Зиа хөөрхий гоё ч юм болохнээ андуураагүй бол сэтгүүлч Мөнхбаясаглан үзэхээр болов уу? энэ одоо их хуралд яах гэжаагаан гонгинуур Оюугаатай барьцаад байгаа юм уу? МАН энэ сонин эмгэнийг гаргасандаа харамсаад ч барахгүй байхад энэ одоо бас юу? вэ? .Мөрөөдлийн багийхан үзэждээ СҮ.Батболдод энэ удаа говьчууд дунд хуруугаа өгнөө энэ ойлгомжтой болчихсон юм билээ сонгогч болгонд нэг сая төгрөг өгвөл саналаа өгнөө Гомпилдоогийн шүлэгч хүүхнээс энэ удаа говьчууд салах нь тэр нь ч дээрдээ энэ бид хоёр тэнд хэрэггүй Дэлгэрсайхан Энхтүвшин хоёр бол Дорноговьдоо бол хяднаа жинхэнэ хиаруулна харин Өмнөговь Дундговиос бол салаавч авна их л хэцүү дээ Баасанхүү чи хэрэггүй ээ урваач шарваач жудаггүй хүмүүст манай говьчууд дургүй энэ жил АН д итгэл хүлээлгэнээ Ажнай чи надаа нэг прусс аваад өгчихөө би АН г найдвартай говиос гарганаа

    Хариулах