Азийн шилдэг холимог тулаанчдын АНУ дахь гэр Jacksonwink MMA

Zuv.mn
2024/05/07

Бид "Спорт" буландаа АНУ-ын Нью Мексико мужийн Альбукерк хотын “Jacksonwink MMA”  клубыг онцолж байна.

Холимог тулааны оддын уурхай

Хэсэгхэн хугацаанд ч болов “Дэлхийн хамгийн шилдэг нь” гэж хүлээн зөвшөөрөгдөх нь спорттой холбогдсон хүн бүрийн мөрөөдөл байдаг. Тэгвэл "Jackson Wink MMA" бол холимог тулааны ертөнцдөө “№1” хэмээн хүлээн зөвшөөрөгдөж үзсэн цөөн клубын нэг юм. Дасгалжуулагч Грег Жексон, Майк Винкельжон нар нь холимог тулааны спортыг шинэ түвшинд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүд бөгөөд энэ алдар гавьяаг нь “Sports Illustrated”, “Showtime”, “ESPN”, “Forbes” зэрэг мэдээллийн “аварга загас”-нууд баримтат кино, нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага тэргүүтнээр үлдээн мөнхжүүлжээ.

UFC холбооны амьд домог Жорж Сен Пьер, Жон Жонс, Алистэйр Оверим, хагас хүнд жингийн дэлхийн аварга Рашад Эванс, хагас дунд жингийн дэлхийн аварга Карлос Кондит, кикбоксын дэлхийн 18 удаагийн аварга (WBC, WBA, WBF), UFC холбооны аварга Холли Холм, Invicta FC холбооны аварга Мишель Уотерсон, UFC холбооны аварга асан Фрэнк Мир, Андрей Арловски, сонирхогчийн боксоор олимпын хошой аварга болж байсан Кларесса Шилдс нараас гадна Жина Карано, Дональд Ковбой” Серроне, “Ultimate Fighter”-ын аваргууд Диего Санчес, Жон Додсон, Диего Брандао нарын зэрэг шилдэг тулаанчид эндээс төрж гарчээ.

Өдгөө тус клуб Азийн шилдэг тулаанчдыг бэлтгэн урьдны нэр төрөө эргүүлж олж авах том амбийц өвөртөлж буй. Бэлтгэлийн заал, тамирчдын амьдрах байрыг нэг дор зохион байгуулсан нь гэр орноосоо хол байгаа ази тамирчдад маш таатай нөхцлийг бүрдүүлж, улмаар амжилт гаргах боломжийг нь нэмэгдүүлж байгаа аж. Одоо Jacksonwink MMA-д БНХАУ-аас таван тулаанч бэлтгэл хийж байгаагийн дотор UFC холбооны тулаанч Ву Янан, ONE FC холбооны Менг Бо зэрэг шилдгүүд бий. 

Тэдэн дээр манай Д.Батгэрэл, М.Уранцэцэг нар нэмэгдэнэ. Ер нь АНУ руу гарч тулалдсан манай шилдгүүдийн ихэнх нь энд бэлтгэл хийдэг аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна