ПРОГНОЗ: Д.Сумъяабазараар ахлуулсан МАН, аврагчгүй АН-ынхны эсрэг өрсөлдөх XI тойрог

С.Гандэлгэр
2024/05/09

Өнгөрсөн сонгуулиар хоёр тойрог болон хуваагдсан таван мандаттай Сонгинохайрхан дүүрэг энэ удаад нэг тойрог болсон. Хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг. Үеийн үед МАН засаглаж, үеийн үед МАН-аас УИХ-д төлөөлөл гардаг дүүрэг гэхэд хилсдэхгүй. 2012 онд АН засаглаж байсан үеийг эс тооцвол МАН УИХ-д ч, орон нутагтаа ч илүүрхсээр ирсэн. 

Д.Сумъяабазар, Н.Учрал, Х.Нямбаатар гэх мэт МАН-ын томчууд СХД-ээс сонгогдсон гэдгээс харвал СХД-ийн МАН маш хүчтэй байгаа. Гэсэн ч УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, хотын дарга болсон Х.Нямбаатар УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Мөн хамгийн өндөр санал авч УИХ-д сонгогдсон Н.Учрал дүүргээ орхин СБД-ийн МАН-ын дарга болсон. Мөн Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, хотын дарга болсон гэх мэт асуудалтай байгаа. Харин Ардчилсан намын зүгээс залуу улстөрч Г.Очирбатаар удирдуулсан залуу баг УИХ-д хүч сорих төлөвлөгөөтэй байна. 

Монгол Ардын нам

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар дүүргээ ахлан УИХ-д хүч сорих бололтой. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар СХД-ээс сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН ялсан учраас УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, хотын даргаар томилогдсон. 

Сүүлд "Ногоон автобусны хэрэг" мандахад ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнийг автобусны асуудалтай холбодог ч үнэндээ ямар ч оролцоо байхгүй, хэлмэгдсэн гэдгээ сүүлд илэрхийлсэн байдаг. 

Ямартай ч шинэ хотын дарга Х.Нямбаатар болон Д.Сумъяабазар нар маш сайн ойлголцолтой байгаа. Үүнийг нь ч Х.Нямбаатар сонгуулиар нийслэлийн МАН-ын хорооны Ерөнхий менежер болон ажиллахаар болсон гэдгээс харж болно. Х.Нямбаатар УИХ-д нэр дэвшихгүй болсон учраас Д.Сумъяабазарыг дэмжээд явах нь тодорхой байна. 

Түүний араас мандат нь тодорхой болсон нэр дэвшигчээр Э.Батшугар нэрлэгдэж байна. Хэд хэдэн сонгуулийн туршлагатай, ялж, ялагдаж сурсан Э.Батшугар энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөгч байх нь гарцаагүй. МАН, МАХН нэгдээгүй байхад л 23 мянга орчим санал авч байсан. Тэгэхээр ирэх сонгуулиар МАН, МАХН-ын дэмжлэг үлэмж том байх болно. Нэгэн цагт Н.Энхбаярын хүү Э.Батшугар гэж хардаг байсан бол УИХ-ын гишүүнээр ажиллаад үзчихсэн, боловсрол мэдлэгтэй улс төрч гэдгээрээ хүчтэй өрсөлдөгч байх талтай. 

СХД-ийн засаг даргаар дөрвөн жил ажилласан Н.Алтаншагай ч УИХ-д нэр дэвшихээр бэлгэлээ хангаад эхэлсэн байна. 2021 оны нөхөн сонгуулиар нэр дэвших магадлал өндөр байсан ч Э.Батшугарт мандатаа дээрэмдүүлчихсэн гэхэд хилсдэхгүй. 2012 онд дүүргийн МАН-ын дарга, 2017-18 оны хооронд дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан аж. 

Х.Нямбаатар УИХ-д нэр дэвшихгүйгээ мэдэгдсэн учраас өөрийнхөө мандатыг өөрийн хүндээ өгөх нь тодорхой. Тэгвэл тэр хүн нь П.Сайнзориг байх бололтой. БЗС-ийн мөнгөөр Австралид сурч ирээд БОАЖ-нд ажиллаж байгаад ХЗДХЯ-д мэргэжилтэнгээс нь ажиллаж, ТНБД болтлоо дэвшсэн. ХЗДХЯ-нд олон жил ажилласан байна. Х.Нямбаатарын үед ТНБД болж, Х.Нямбаатарыг яамнаас явахад нь дагаж яваад Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч болсон. Түүнийг хоёр дахь Х.Нямбаатар гэхэд хилсдэхгүй биз. 

Б.Жаргалмаа, П.Анужин нарт мандат олдох уу 

СХД-ийн МАН дотроо маш их өрсөлдөөнтэй байгаа. Тиймдээ ч 2020 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болсон хоёр эмэгтэй улс төрчид мандат олдох эсэх нь тун тодорхойгүй байна. Аль аль нь нэр дэвших хүсэлтээ өгсөн ч дээр дурдсан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, МАХН-ын пракцын толгой Э.Батшугар, Д.Сумъяабазарын дэмжлэгтэй СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, Х.Нямбаатарын дэмжлэгтэй хотын орлогч П.Сайнзориг нараас мандат булаах боломж бараг л үгүй биз. 

Мэдээж УИХ-ын гишүүний зангараг, дөрвөн жил тойрогтоо ажилласан хугацаа байгаа ч тун бүрхэг байгаа гэнэ. Ямартай ч Б.Жаргалмаа, П.Анужин нарын аль нэг нь л нэр дэвших мандат авах магадлалтай. 

Нэгэн цагт хотын даргын албан тушаалын төлөө өрсөлдөж, намаасаа "хөөгдөж" байсан С.Мөнхчулуун ч тус тойрогт горилж байна. 2019 онд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн талын гэх С.Амарсайханыг хотын даргаар томилогдох гэж байхад нэрээ дэвшүүлж, намаасаа "хөөгдөж" байсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж өвдөг шороодсон. Намгүй, албан тушаалгүй хоцорсон түүнийг Д.Амарбаясгалан өөд нь татаж ШӨХТГ-ын даргаар томилсон. Учир нь С.Амарсайхан шадар сайдаар ажиллаж байсан учраас түүний эрхлэх асуудлын хүрээний агентлагуудынх нь нэг ШӨХТГ-ын даргаар томилсон. Үүнийг Д.Амарбаясгалантай холбож тайлбарлах боломжтой. Сүүлд ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн "гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх" хуулийн төслийг идэвхтэй дэмжиж байв. ШӨХТГ-ын даргын ажлаа өгснийхөө дараа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн аудитороор томилогдсон байна. 

Мөн Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөний нэр яригдаж байгаа ч дээрх хүмүүсийг давж нэр дэвших нь юу л бол...

Ардчилсан нам

АН-ын горилогчид ер нь тодорхой. "ТНГРИ групп"-ын захирал Г.Очирбат, "М-Ойл групп"-ын захирал, шарк Б.Пунсалмаа, Комедиан, АН-ын даргын зөвлөх Н.Амаржин, "Гэрэл медиа групп"-ын Ж.Отгонбаяр гэсэн нэрс яригдаж байна. Тэдний дунд СХД-т суурьтай, олон нийтэд нэр хүндтэй томоохон улс төрч байхгүй. Өөрөөр хэлбэл тэдэнд аврагч үгүй. Тийм учраас өмнөх сонгууль шиг ялагдал хүлээхгүйн төлөө өөрсдөө л хичээх ёстой гэсэн үг. 

Г.Очирбатын хувьд багагүй удаан хугацаанд СХД-ийн АН-ын даргаар ажиллаж байгаа. Дүүргийн намаа босгох гэж багагүй мөнгө ч зарцуулсан гэгддэг. 2020 оны УИХ-ын сонгууль нэр дэвшсэн ч 10 мянган хүний санал авч, урдаа зургаан хүний нэр бичүүлсэн. Уг нь намаасаа хамгийн олон санал авсан нь 10 мянга юм. Нөгөө талд МАН-аас Н.Учрал 53 мянган хүний санал авч 2020 оны УИХ-ын сонгуулийг өнгөлсөн билээ. Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракцыг түшиж байгаа. Энэ удаад дахин нэр дэвшиж хүч сорих нь ээ. АН-аас хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх хүн нь Г.Очирбат байх биз. 

Түүний араас Б.Пунсалмаагийн нэр яригдаж байна.Бизнесийн салбарын төлөөлөл. Өнгөрсөн сонгуулиар СХД-ийн 27-р тойрогт нэр дэвшсэн ч ялагдсан. Сурталчилгааныхаа үеэр худгийн асуудлыг хөндсөн нь олны доог тохуу болж "Худаг Пунсалмаа" гэх нэрийг зүүсэн билээ. 

Б.Пунсалмаагийн хувьд Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Сүүлд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч Б.Жаргаланд ялагдсан. Намын дарга Л.Гантөмөртэй жагсаалтын тохироо хийсэн гэж яригдаж байсан ч тойрогт нэр дэвших чиглэлийг намын дарга нь өгсөн бололтой сүүлийн хэдэн сар СХД-тээ ажиллаж байгаа. 

2020 онд "Зөв хүн электорат" эвсэлээс нэр дэвшин ялагдсан Ж.Отгонбаяр энэ удаад Ардчилсан намаас нэр дэвших нь ээ. Парламент Тв-ийн захирал, Кинг таур хотхоны СӨХ-ны дарга гэдгээрээ олон нийтэд танил болсон. Хэсэг Х.Нямбаатарыг ширүүн шүүмжилж, СӨХ-ны асуудлыг идэвхтэй хөндсөн нэгэн. 

Дараагийн нэрлэгдэх хүн нь АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх комедиан Н.Амаржин. Улс төрийн туршлага багатай ч олон нийт, тэр дундаа залуучуудад танигдсан. Бодлогоор нэр дэвшүүлж байна уу, дэвших хүн олдсонгүй юу. Олон жилийн түүхтэй, төрийн эрх барьж үзсэн том нам саяхан эллсэн, том бизнесгүй, "фракцийн тавиул" биш хүнийг УИХ-д сойж байгаа нь сонин тохиолдол болж буй. 

Ерөнхийдөө ирэх сонгуулиар МАН ялалт байгуулах магадлал маш өндөр. Гэсэн хэдий ч АН-ынхан сайн ажиллаж чадвал 1-2 суудал авна гэсэн төлөвлөгөөтэй үзэж байгаа биз. 







Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.4
    2024/05/10

    Жаргалмаа Анужин хоёроор монголын төр үхсэн ацаа хийхийн Оюунэрдэнэ чи энэ хоёрыгоо болиулчихаа Жаргалмаа чи зүгээр л мэдээгээ уншаад явжийда чамайг бүхэл бүтэн дөрвөн жил дүлий дүмбэ оргиж суухыг чинь харлаа үзлээ мэдэрлээ өрөвлөө жигшлээ.УИХ н гишүүний зөөлөн сэнтий ямар байна хэдэг төгрөг хийж чадсан уу? Анужин чи айлын гэр бүлийг самарч херо Баатарыг эхнэрээс нь салгаад яала ийм ёс зүйгүй хүнээр төрийн түшээ хийлгэхгүй зөвшөөрөхгүй хүсэхгүй энэ хоёр тахиаг хөөгөөд явуул

    Хариулах