"Хонгилын хохирогч"

Zuv.mn
2024/05/13

2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан нээж байна.

Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ" булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.

2020 оны Парламентын сонгуульд ганцхан бие даагч ялалт байгуулсан нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юм. Ардчилсан намаасаа мандатаа авч чадаагүй тэрбээр Орхон аймагт бие даан нэр дэвшиж, 19,595 санал /42.9 хувь/-аар ялалт байгуулсан билээ. Тэрбээр энэ ялалтаараа намаас хамаарахгүйгээр нэр хүндээ тогтоож чадсан улстөрч гэдгээ баталсан. Тойргоо сольсон ч, намаасаа гарсан ч ялдаг улстөрч түүнээс өмнө Р.Амаржаргал л байв. 

Н.Алтанхуяг МУИС-ийн багш байхдаа хамт ажилладаг А.Ганбаатар, Р.Гончигдорж, П.Улаанхүү, Д.Бямбажаргал нарын хамт ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй оролцож ирсэн анхдагчдын нэг. Дээр нэр дурдсан хүмүүс дээр Баабар нэмэгдээд МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд Ардчилсан социалист хөдөлгөөнийг эхлүүлсэн Монголын Социал демократ намын үүсгэл байсан гэдэг.
Түүнээс хойш ардчилсан хүчний ялалт, ялагдал бүхэнтэй хамт яваа. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл байгуулж засгийн эрх барих, 2000 онд ялагдаж, Ардчилсан намыг байгуулах, 2008 онд С.Баярын “Стандарт бус” гэж шүүмжлэгддэг Засгийн газарт орж ажиллах зэрэг чухал үйл явдлуудад үүрэг гүйцэтгэж явсан. 

1996 оны сонгуульд ялсныхаа дараа Хөдөө, аж ахуй, үйлдвэрийн яамны сайдаар томилогдож, одоо бүгд тусдаа яам, сайдтай болсон хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, геологи, уул уурхайн салбарыг удирдаж байв. 

2012 онд намаа ялуулж, Ерөнхий сайдын суудлыг хоёр жил гаруй хашихдаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хороог Эдийн засгийн хөгжлийн яам болгож, Монгол Улсын түүхэнд анхны “Чингис” бондыг гаргасан. Тухайн үед манай улсын эдийн засаг хурдацтай өсөж байсан учраас гаднын хөнгөлөлттэй зээлүүд олдохоо больсон, түүнчлэн тийм зээлүүд дандаа нөхцөл, тулгалттай орж ирдэг байсан учраас өөрсдөө юмаа хийхийн тулд бонд гаргах шийдэл олсон юм. 

Нүүрсний алтан үе дуусаж, өр ширэнд баригдсан улсаа аварч үлдэхийн тул хүнд цаг үеийг зээл авч, өсөлтийг хангах бүтээн байгуулалт өрнүүлж давах санаачилга гаргасан нь буруу байгаагүй. Зарцуулалтын тал дээр бэлэн төслүүд байгаагүй гэсэн шүүмжлэл гардаг ч алдсанаасаа оносон нь их болов уу. Ямартай ч сураг нь сонсогдоод юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй алга болдог зээлүүдийг бодвол одоо хүрчхээд байгаа өсөлтийг хангах боломжуудыг бүрдүүлж чадсан гэж дүгнэдэг.

Улс орны эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж чаддаг, өөр дээрээ гал авахаас халширдаггүй улстөрч гэдгээ 2008 онд С.Баярын стандарт бус Засгийн газарт орох шийдвэрээрээ харуулсан. Үүний ачаар Оюутолгойн төсөл хөдөлсөн гэдгийг монголчууд сайн мэдэх байх. 

2020 оны сонгууль нэр дэвшигчид хувиараа амлалт өгөхгүй, нам эвслийнхээ мөрийн хөтөлбөрт захирагдана гэдэг дүрмээр явсан болохоор Н.Алтанхуягт орхончуудад том амлах боломж, шаардлага байгаагүй. Одоо ч тайлагнах ажил бага. Нам эвслээс хараат бус гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувиар УИХ, Засгийн газраас гарсан бодлогын шийдвэрийн талаар байр сууриа бол хангалттай хэмжээнд илэрхийлж ирсэн. Эрх баригчид болохгүй юмаа Шүүх рүү түлхдэг байдлыг анзаарч, “Шүүгч үнэхээр буруу шийдвэр гаргасан бол хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо гэдэг механизмаа ажиллуулаач” хэмээн хэлж байсан. Хэлсэн үг нь голтой байдаг учраас иргэд түүнд муугүй байдаг. Харин эрх баригчдад бол хэцүү байдаг байх. 

Хөгжлийн банкны хэргээр шоронд явахаа шахсаныгаа тэрбээр яг үүнтэй холбож тайлбарласан. Түүнийг хэрэг үйлдээгүй гэж үзсэн Шүүхийн шийдвэр Монголд цаашид тогтох байсан гаж жишгийг зайлуулсан гэж үздэг.

Н.Алтанхуяг хэдий бие даагч ч гэсэн Ардчилсан намд нөлөөгөө хадгалсаар байсан. Ямар сайндаа л 2020 онд бие дааж УИХ-ын гишүүн болоод 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болох вэ. Түүнийг О.Цогтгэрэл даргатай АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр зарласан ч С.Эрдэнэ даргатай АН албан ёсных гэж тооцогдож байсан тул боломж олгоогүй билээ. Хэрвээ тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бол С.Эрдэнээс илүү амжилттай өрсөлдөх байсан. 

Ц.Элбэгдоржтой муудах болсон шалтгаанаа 2014 онд өөрийг нь огцруулсантай холбож тайлбарладаг. Үүний цаана Ардчилсан намд нөлөө бүхий байсан Шонхор, Алтангадас фракцууд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр, хоёр жилээр ээлжилнэ гэж анхнаасаа тохирсон байсан гэдэг яриа бий. Хэрвээ энэ үнэн бол УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдгийг намын тохироогоор хоёр жил болгохоор тохирсон нь одоо бодоход төрийн дээр нам сандайлсны илрэл бөгөөд Н.Алтанхуяг үүнийг эсэргүүцэж байжээ гэж одоо харагддаг. 

Түүнээс хойш Ц.Элбэгдоржийг хүчтэй байх үед үргэлж дарлуулж явсан. Үүнээсээ болж "Женко"-той ойртож, намдаа улам ч адлуулсан. Х.Баттулгын зөвлөх болсныхоо дараа В.Путины Нэгдмэл Орос намтай тун ижил нэртэй “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, нам дотроо бүр ч ад үзэгдсэн байдаг. Энэ үйлдлээс нь зүүнтний үнэр авсан Ардчилсан нам Н.Алтанхуягт хаалгаа хаасан юм. 

Гэхдээ тэглээ гээд тэрбээр гудийгаагүй. Баруун, зүүний үзэлд аль, алинд нь давуу болон сул тал бий. Улс төрд төвийн үзэл гэж ер байдаггүй гэдэг. Гэхдээ Н.Алтанхуягийн замналыг харахад тэрбээр баруун, зүүний бодлогын яг голоор нь яваад байсан мэт сэтгэгдэл төрдөг. Аж ахуйн ажил хийлээ гэж адлуулдаг ч ард түмнээ боддог Ерөнхий сайд байсан. Үүгээрээ Х.Баттулгатай бас төстэй. 

Барууны нөлөө хумигдаж байгаа энэ цаг үед ер нь бол Н.Алтанхуяг Монголд хэрэгтэй хүн. Х.Баттулгын дэргэд ардчилсан үзэлтэй “Хазаар” маягаар байж, хэт зүүн тийшээ явчихгүй, дарангуйлал руу эргүүлчихгүй шиг байлгах улстөрч нь гагц Н.Алтанхуяг байж мэднэ. Ардчилагчдынхаа сул талууд дээр урам хугарч нэгдсэн гэхээс бус, бас чиг салахааргүй гагнагдчихсан гэж хэлж болохооргүй. Өөрөө юм хийгээд явсан ч дагах хүн мундахгүй, зангарагтай улстөрч.

Эдүгээ “Женко” Х.Баттулгын нөлөө Ардчилсан намд нэмэгдэхтэй зэрэгцээд Н.Алтанхуяг ч ил гарч, ирэх сонгуульд намаасаа нэр дэвшинэ хэмээн ярьж буй. Хэрвээ Х.Баттулга ингэж томроогүй бол Н.Алтанхуягтайгаа нийлээд шинэ нам байгуулах байсан гэсэн яриа бий. Хэрвээ тийм зүйл болсон бол Н.Алтанхуяг гарцаагүй баруун гар нь болох байсан. Хамгийн ойрын хүн гэдэг утгаараа ч, барууны үзэл рүү чиглүүлэх утгаараа ч энэ нэр түүнд тохирно.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.118
    2024/07/09

    МОНГОЛД ХОХИРСОН ХҮН ЗӨНДӨӨ. МАН АН-Ы БУРУУ БОДЛОГООС 30ГАРУЙ ЖИЛ ХОХИРСОН АРД ТҮМНИЙГ ЯА ГЭЖ.

    Хариулах
  • 103.212.119.216
    2024/06/30

    Алтанхуягийг муулж чадахгүй. Иргэд дэмжинэ дээ.

    Хариулах
  • 202.70.37.220
    2024/05/15

    АЛТАНХУЯГ БОЛ БАЙГААГААРАА БАЙДАГ, ЭНГИЙН, БАС ӨӨРИЙН МАТЕМАТИК ТОЛГОЙТОЙ, ТҮС ТАС ТАЛДАА МУНДАГ Ч БАГШ, МУНДАГ Ч УЛС ТӨРЧ, ЭНЭ ХҮН БОЛ МОНГОЛ ТӨРД ХЭРЭГТЭЙ ТӨВИЙГ Ч САХИЖ ЧАДАХ, ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ, АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ УЛС ТӨРЧ ШҮҮ, МОНГОЛЧУУД ИХ ДЭМЖИХ ТАЛДАА, АМ САЙТАЙ БАЙДАГ ШҮҮ, АМЖИЛТ,

    Хариулах
  • 103.212.119.181
    2024/05/14

    Алтанхуяг мэтийн бие лугаа адил ахар ухаантай арга зальтай хүмүүс төрд тотгор учруулж байсан гашуун түүх дэлхийд болон дэргэд асар олон буй

    Хариулах
  • 59.153.115.113
    2024/05/13

    Маш гоё бичжээ. Зөв.мн мундаг

    Хариулах
  • 66.181.178.179
    2024/05/13

    АН-ыг аврах ганц хүн гэж ойлгодог. Одоо цаг нь болсог. Тэргүүн эгнээнд гарч ирэх цаг нь.

    Хариулах
  • 59.153.112.75
    2024/05/13

    ЭНЭ АЛТАНХУЯГ БОЛ МАШ ЗАЛЬТАЙ ХҮН, ЕС БАЙХДАА АХ ДҮҮ ХАМААТАН САДАН, БҮР ХҮРГЭН ДЭНЗЭНТЭЙГЭЭ НИЙЛЖ ИДЭЖ УУЖ ЯВСАН ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ, МАШ ОЛОН БОНДЫН МӨНГИЙГ БОСГОЖ МОНГОЛЧУУДЫГ ӨРӨНД ОРУУЛСАН БУРУУТАН ШҮҮ ДЭЭ, ТЭГЭЭД ИЛРЭЭД ИРЭНГҮҮТ НАМАЙГ ХОНГИЛ РУУ ЧИХЛЭЭ, ЧИРЛЭЭ ГЭЭД Л ОЛОН ЮМ ЯРИАД САМБАР ДЭЭР БИЧЭЭД ЭХЭЛДЭГ ЗАЛЬТ ТОВАРИЩ ШҮҮ ДЭЭ, АЛТАНТУЯАД ХУУРТАХ ХЭРЭГГҮЙ

    Хариулах
    • 66.181.160.11
      2024/07/17

      тийм ээ бас л цайрсан хүн

    • 66.181.161.15
      2024/05/15

      Тийм