УИХ дахь “Оюуны ундраа”-гийн “Бүрэн эрхт төлөөлөгч”

Zuv.mn
2024/05/15

2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан нээж байна.  

Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ" булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.

С.Амарсайхан 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрог, Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшиж, 21,969 саналаар ялалт байгуулсан. Дэмжлэгийн хувь 68.6 хувь хүрсэн нь Хэнтийгээс 72.2, 71.7 хувийн саналаар сонгогдсон У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн дараа гуравдугаарт орох үзүүлэлт болж байв.

М.Энхболдыг огцруулаад, тойрон хүрээлэгчдийг нь шахаж гаргаад л бүх зүйл сайхан болчихно гэж итгэсэн хэвээрээ, “Шударга тав”-ын эв нэгдэл мөнх янзаараа байх юм чинээ бодож байсан үе тул ард түмэн Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын боловсон хүчний дутагдалтай байдлыг ойлгож, “Гуя дагуулж хүзүү” өгөөд багаар нь сонгуулах бодлогыг дэмжиж, үнэмлэхүй ялуулсан юм. 21 дүгээр тойргоос жишээ нь, Багануур дүүргийн Засаг дарга байсан Ц.Сандаг-Очир С.Амарсайханыг дагаж УИХ-ын гишүүн болсон. Ард түмний энэ сонголт өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын амжуулсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүд гэх мэт, засаглалын хэлбэр, тогтвортой байдлыг хангах, өөр бусад чиглэлээр хийгдсэн ажлуудад энэ сонголт нөлөөлсөн.

Гэхдээ, үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн нам хагаралдаж, бүр зодолдож эхэлбэл буулт нь иргэддээ айхтар жинтэй тусдаг гэдгийг бас ард түмэн өнгөрсөн дөрвөн жилд ойлгож авлаа. Ард иргэд амьдралаараа, улс орон хөгжлөөрөө хохирч дуусдаг энэ зодоонд том үүрэгтэй оролцдог, МАН-ын нөлөө бүхий улстөрч бол С.Амарсайхан яах аргагүй мөн.

Боловсрол, улс төрд орохоос өмнөх замнал нь гайхалтай. 1990-ээд онд л АНУ-д хоёр ч их, дээд сургууль төгсчихсөн байсан. Ажлын гараагаа Монгол Улсын шинжлэх ухаан, мэдээллийн төвийн ажилтнаар эхлүүлж, АНУ-д суралцаж ирснийхээ дараа Монгол Улсаас БНХАУ-д суух ЭСЯ-ны консулд дөрвөн жил ажилласан. Улмаар ах С.Отгонбаярынхаа үүсгэн байгуулсан “Оюуны ундраа” группыг удирдаж байхдаа 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улс төрд хөл тавьсан байдаг. 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдсон бөгөөд хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ 2017 онд НИТХ-ын дарга, 2019 онд Нийслэлийн засаг дарга болсон.

Гэрлийн хурдаар ингэж дэвшихэд нь МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан шууд нөлөөлсөн. 2019 онд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшихэд нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлж хүчтэй өрсөлдсөн. Энэ үед Д.Амарбаясгалан өөрөө НИТХ-ын хуралд ирж суун, төлөөлөгчдийг “гөлөлзүүлж” байгаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулсан гэхээр тэдний хооронд ямархан зузаан холбоо байдаг нь тодорхой.

Эдүгээ МАН дотор Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалан, Ардчилсан намд Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоорондоо хагаралтай, сонгуулиар нэр дэвшигчдийг аль намаас дэвшив гэдгээс гадна аль фракцийнх вэ, ямар эрх ашигтай вэ гэдгийг давхар харах шаардлага сонгогчдод тулгарч байгаа. Тэгвэл С.Амарсайхан бол Д.Амарбаясгалангийн хүн бөгөөд энэ нь Л.Оюун-Эрдэнийн эсрэг гэсэн үг. Тэрбээр УИХ-д гарч ирвэл Д.Амарбаясгалан хүчирхэгжинэ.

Бид гишүүдийг онцлохдоо ах, дүүгийнх нь эзэмшлийн компаниуд, тэдний үйлдлүүдийг дурьдахаас аль болох тойрч байгаа. Гэхдээ, "Оюуны ундраа" группын гүйцэтгэх захирал О.Тэнүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилсноос хойш С.Амарсайханыг харах нэг өнцөг нэмэгдсэн. Хүмүүс ч анзаарсан байх.

С.Амарсайхан “Оюуны ундраа” группын гүйцэтгэх захирал байхдаа улс төрд орж байсан. Түүнийг Нийслэлд ажиллаж байхад “Оюуны ундраа” групп Зайсан орчмын газрыг эзэмшиж, маш ихээр томорч баяжсан. Одоо О.Тэнүүн нэр дэвшиж байна.

Өмнө нь “Оюуны Ундраа” группээс С.Отгонбаяр УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд байсан. Одоо С.Амарсайхан УИХ-ын гишүүн, Шадар сайд /Онцгой байдлын байгууллага Шадар сайдын харъяанд байдаг/ байна. С.Отгонбаяр сайд байхдаа Онцгой байдлын албыг шинэчлэн зохион байгуулж, Шуурхай бүлэг 105-ыг үүсгэсэн, хэдий асуудалд орж явсан ч салбартаа нэр хүндтэй зүтгэлтэн байсан. Тэгвэл С.Амарсайханы үед Онцгой байдлын алба алба хаагчдынхаа амь насыг залгидаг алба болж, олон алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь насаа алддаг алба боллоо. Хариуцсан сайдын хувьд ОБЕГ-ын даргыг өөрчлөх эрх С.Амарсайханд байгаа ч өнөөдрийг хүртэл хөдлөхгүй байна. Салбартаа хөрөнгө оруулахыг хичээж, зүтгэж байгааг нь ойлгож байгаа ч Б.Ариунбуянг чөлөөлөхгүй байгаа нь түүнийг муухай харагдуулж буй.

Гэтэл дээр нь О.Тэнүүн улс төрд орж ирэхээр болсонд МАН-ын нөлөөтэй улстөрч, дээр нь Д.Амарбаясгалангийн дотнын хүн С.Амарсайханы нөлөө ороогүй гэж хэн батлах юм бэ. Голлох хоёр намд хоёуланд нь суудал засаж, аль ч төрийн үед бизнесээ хадгалж үлдэх тактик баримталдаг гэр бүл бий шүү дээ.

Хэдий сонгох, сонгогдох нь иргэнд үндсэн хуулиар олгогдсон эрх ч ямар зорилготой вэ, сонгогдож гараад хэний төлөө, юу хийх гэж ажиллах вэ гэдгийг нь шүүж тунгаагаад саналаа өгөх, өгөхгүйгээ шийдэх эрх сонгогчдод бий гэдгийг бас сануулахад илүүдэхгүй байх гэж бодно.   



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.167
    2024/06/01

    Гишүүн байхаа больчихвол Оюуны ундраа ХХК - ын хувьчилж авсан ОБЕГ өөр компанид шилжчихнэ

    Хариулах
  • 59.153.112.181
    2024/05/16

    УУЛЫГ НУРААЖ УСЫГ ЭРГҮҮЛДЭГ МАФИ. ОЮУНЫ УНДРАА Ч ЮУ БАЙХАВ. ГЭМТ ХЭРГИЙН Л УНДРАА.

    Хариулах
  • 122.201.31.24
    2024/05/16

    Тэглээ гээд та нар яахын угаасаа л аймшгийн улсууд Зайсангийн бүх амыг авчихсан одоо сөрсөн болгондоо салаавч өгөөд суужаагаашт.Чадаж байнашт эргүүнүүдээ та нар ингээч чадахгүй байж битгий атаархаарай эхнэртээ ямар ч билээ цол олгоцон одоо энэ Самарсайхныг хэн сөрөх юм хохь чинь та нар атаархаад үхлээ юу ха ха ха өшөө ч гангарна за тэр үед өмдөндөө шээгээрэй ацнуудаа дорно зүгээс нар мандаж Налайхаас Амка ирлээ зөв биз кккк

    Хариулах