Т.Мөнхсайхан: Засгийн газар тогтвортой байх ёстой

Х.Есү
1 цаг 10 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Намрын чуулган дээр миний санаачилсан хэд хэдэн хуулиудыг хэлэлцэх ёстой. Нэгдүгээрт сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль. Хүүхэд залуучууд маань хэрхэн яаж эрүүл аюулгүй орчинд амьдрах вэ гэдэг асуудал дээр анхны хэлэлцүүлгүүд хийгдэх ёстой. 

Нөгөө талдаа эрүүл мэндийн ажилтны тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан байгаа. Мөн 10 дугаар сард Эрүүл мэндийн тухай хуулийг ерөнхийдөө боловсруулж дуусаад өргөн барихаар төлөвлөж байна. 

Д.Ганмаа гишүүний санаачилсан эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байна. Үүн дээр нэлээдгүй уулзалт зөвлөгөөнүүдийг зохион байгуулна. Эрүүл мэндийн салбарт дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжуудыг цогцоор нь авч харж, үндэс сууриар нь шинэчлэх бодлогууд дээр анхаарлаа хандуулж байгаа. 

-Төсвийн тодотголын асуудлыг хэрхэн харж байна. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй гэж харж байна. Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлсэн боловч эх үүсвэр нь тодорхойгүй байсан бол энэ тодотголоор тодорхой шийдэж байна. Тиймээс тодотгол хийх ёстой гэж бодож байна. 

Ахмадууд маань өмнө нь эмээ авах гэж сар болгоны эхний хэд хоног эмийн санд оочерлодог байсан бол энэ асуудлыг бодлогын түвшинд цэгцэлсэн. 

-Засгийн газрын тогтвортой байх эсэх асуудал яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар тогтвортой байж ажлыг нь хийлгэхгүй хэдий болтол сандал суудал ярих билээ. Улс эх орныхоо хөгжил ирээдүйг нэг номерт тавихгүй зөвхөн улс төр сандал суудлын байдлаар авч явах юм бол энэ эх орныг чинь хэн хэзээ яаж хөгжүүлэх юм бэ. 

Нэг номерт улс эх орны хөгжлийн асуудлаа тавих ёстой. Тиймээс Засгийн газар тогтвортой байх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна