"Түгжилмаа" бол А.Ариунзаяа VS Л.Энх-Амгалан ажлаа өг

Х.Есү
50 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учралын гэгдэх “Их засаг Кинг” сургууль төсвөөс 7,1 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах хүсэлт өгсөн гэх мэдээлэл өгсөн долоо хоногт цацагдаж, ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Мэдээлэл цацагдсанаас хойш Ерөнхий сайдыг кабинетийнх нь гишүүд нэг нэгээрээ өмөөрч дугарсаар буй. Харин өчигдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “бөмбөг тэслэв”. Тэрбээр уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон О.Саранчулуун нарыг бусдын гар хөл, улс эх орны “түгжилмаа” хэмээн тодотгоод амжив.

Бид улстөрчдийн ялгаатай байр суурийг та бүхэнд хүргэе. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Ерөнхий сайдтай холбоотой эксэл файл задруулсан тэр "түгжилмаа" бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын бүлэглэл юм. А.Ариунзаяагийн бэр нь гишүүн О.Саранчулуун, туслах нь хоёр дахь н.Сийлэгмаа. Эд нар түгжилдэж ерөнхий сайдын сургуультай холбоотой эксэл файлыг задруулсан. 

Улсын төсөв батлагдсаны дараа төсөвт тусгагдсан санхүүжилтээр тухайн салбарын ерөнхийлөн захирагч нар төсвийн хууль зохицуулж, тендерийн худалдан авалтыг зохицуулдаг. Монгол улс тендерийн хуультай. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа тендерийн хуулиар 20 сая төгрөгнөөс дээшээ аливаа ажил, үйлчилгээ барааг бид нээлттэй сонгон шалгаруулалтаар авах үүрэгтэй. Улсын төсөв батлагдаагүй байхад улсын төсвийн батлагдаагүй эх үүсвэрээр зарим нэг хувийн сургууль дээр санхүүжилт олгох гэж байна гэдэг увиагүй үйлдэл хийсэн. Энэ нотолгоотой баталгаатай зүйл юм байна гэсэн увиагүй үйлдлээ зогсоо гэж нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байна.

Энэ олон файлуудаас зөвхөн ганцхан эксэл файлыг улс төрийн зорилготой сугалж аваад төрийн хуувилдаан хийхээр оролдож байгаад би туйлын их харамсаж байна. Сүүлдээ өчигдөр УИХ-ын нэг гишүүн лайв хийгээд тэр хүснэгтэн дотор байгаа юмнууд нь нуугдсан байсан байна лээ, би гэгээн цагаан өдөр өвснөөс зүү оллоо гэсэн ийм болчимгүй мэдэлэл хийсэн байна. Энэ нөхдүүд УИХ-д сонгогдсон. Гурав дахь жилдээ улсын төсөв батлаж байгаа. Тэгэхээр улсын төсөв хэрхэн батлагддаг, улсын тендерийн тухай хууль хэрхэн хэргэждэг талаар маш ойлгомжтой мэдлэг чадвартай гишүүд гэдэгт би бүрэн итгэж байгаа. Гэхдээ хүмүүс барьцаалагдсан байна. Энэ хүмүүсийн явуургүй үйлдэл үнэхээр миний сэтгэлийг зовоож байна.

Миний нэр төрд халдаж байгаа хүмүүсийн өөдөөс нэр төрөө сэргээхээр өнөөдөр авилгалтай тэмцэх газар, цагдаагийн газарт албан ёсоор эдгээр бичгээ хүргүүлж байна. Өмнө нь би УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа УИХ-ын түүхэнд өөрийнхөө хүсэлтээр, өөрийн УИХ-ын бүрэн эрхээс татгалзая гэх энэ бичгийн бас явуулж байсан. Надад айх, ичих, хойшоо ухрах зүйл өчүүхэн ч байхгүй. Сүүлдээ энэ файлыг боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга, тодорхой албан тушаалтнууд санаатайгаар гадагшаа дэлгэсэн юм биш биз, эсвэл ямар нэг дарамтад орсон юм биш биз гэдэг хардлага төрж байна.

Жагсаалтаар сонгогдсон хэдэн гишүүдийн амбиц дийлэхээ болилоо. Хэл ам, амбиц, шунал нь дийлдэхгүй болсон байна. Тойргоос сонгогдсон гишүүд нь илүү дээр юм байна" гэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: "Өөрөө сайд байж Ерөнхий сайдынхаа асуудлыг шийдэхгүй, галыг өрдөж болдог юм уу. Би Н.Учрал сайдад ч гэсэн хандаж байна. Энэ хүнээ ажлаас нь чөлөөл. Ийм байж болохгүй. Би яагаад зүгээр ажлаа хийж яваад буруутан болж байгааг ойлгохгүй байна. Хэрэв тийм төлөвлөгөө, ажлын файлууд байсан юм бол үүний учир шалтгааныг өөрсдөө тайлбарлах ёстой.

Зүгээр байгаа намайг гэнэт энэ асуудалд оруулж, төр үймүүлж байгаа юм шиг асуудал яриад өөрөө төр үймүүлээд байна шүү дээ. 

Манай зөвлөхөөр ажиллаж байсан н.Батцэцэгийн тухайд тавдугаар сарын 1-нийг хүртэл ажилласан. Тэр өмнө нь Сангийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөрийн яам, Боловсролын яаманд ажиллаж байсан төрийн албан хаагч. Төрийн албанд олон жил зүтгэсэн хүнтэй холбоотой ийм асуудал ярьж байгаад үнэхээр гайхаж байна.

Хэнийг хэнтэй хардаж сэрдээд байгаа юм бэ? Бүгдээрээ хуулийн байгууллагад хамтдаа очоод шалгуулъя. 

О.Саранчулуун гишүүн бид хоёр адилхан л УИХ-ын бүрэн эрхт гишүүд. О.Саранчулуун миний төрсөн дүү биш, бид хоёр цусан төрлийн ямар ч холбоогүй. Харин манай үеэл дүүгийн эхнэр мөн. Яагаад гэнэт бидл\ хоёрыг гэнэт холбоод унав. Тэр нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагуудаа удирдан олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн, эрдэмтэн доктор хүн. Тэр өөрийн гэсэн байр суурьтай, бие даасан гишүүн.

Жагсаалтын гишүүд хэн нэгэнд барьцаалагдаагүй, өөрийн мэргэжилдээ эзэн болсон, хууль уншдаг, мэдлэг боловсролтой хүмүүс байдаг учраас хуулийн цоорхой, алдаатай асуудлыг нээлттэй шүгэл үлээдэг. Ингэж нээлттэй байсных нь төлөө яагаад гэмт хэрэгтэн шиг гүтгэж байгаа юм. 

Би Өргөдлийн байнгын хорооны гишүүн биш, тэр файлыг одоо хүртэл хараагүй. Л.Энх-Амгалан сайд өөрөө тэр файлыг ажлын файл байсан гэж хэлсэн. Тэр файл төрийн албан хаагчдын дунд ямар сэдлээр хуваалцагдсаныг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой, хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй. 

Тиймээс би Цагдаа, Шүүх, АТГ болон Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хандана. Цахим ертөнцөд бүх зүйл өөрийн гэсэн мөртэй байдаг тул тухайн файл хаанаас үүссэн, хэн явуулсныг тогтоож, үнэн мөнийг нь гаргана. УИХ-ын гишүүн үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг заалт нь бусдыг гэмт хэрэгт гүтгэж, доромжлох эрхийг олгодоггүй. Гүтгэлэгт заавал хариуцлага хүлээх ёстой" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна