Спортын ертөнцөд домог хэмээн хүндлэгдэх хувь тийм ч олон тоглогчдод тохиодоггүй. Тэр тусмаа дэлхийн хамгийн том сагсанбөмбөгийн лиг болох NBA-ны эмблемд заларна гэдэг хүссэн аавын хүүд олдох боломж биш. Тэрхүү цэнхэр, улаан дээрх цагаан логоны эзэн болох хувь ганцхан Жерри Уэстэд л тохиосон юм.
Тэрээр 1938 оны тавдугаар сарын 28-нд Сесил Сью Уэстийн тав дахь хүүхэд болон мэндэлсэн юм. Түүний бага нас тийм ч сайхан байсангүй. Аав нь түүнд гар хүрдэг байсан ба өөрийг нь алах вий гэсэндээ орон доороо буутай унтдаг байснаа дурсан ярьж байлаа. Энэ амьдрал нь түүнийг догшин, ширүүн нэгэн болгож байсан ч 1951 онд ах Дэвид Уэст Солонгосын тулаанд амь үрэгдэж, Жерри Уэст дотогшоо дуугүй жаал хүү болон хувирчээ. Гэвч түүнийг жаргалтай болгодог зүйл бол зөвхөн сагсанбөмбөг л байв.
Жижиг биетэй байсан тул ахлах сургуулийн багт “суудал халаагч”-ийн л орон тоо түүнийг хүлээж байлаа. Тэрхүү зундаа огцом өсөж 1,83 метр болсноор багийнхаа гарааны тавт руу дэвшиж, тэр ч бүү хэл Баруун Вержиниагийн шилдгүүдийн нэг болж чадсан байна. Хөршийнхөө шийдэн дээр өдөржин ганцаараа тоглодог байсан хүү ахлах сургуулийнхаа сүүлийн жил 32 оноо дунджлан, Бүх-Америкийн шилдэг тоглогч боллоо. Ж.Уэстийг ахлах сургуулиа төгсөхөд 60 гаруй Их сургууль эгнээндээ нэгтгэхээр сонирхож байсан ч гэртээ үлдэхээр шийдэж, Баруун Вержиниагийн Их сургуульд элссэн юм.
Коллежынхоо гурав дах жилээс тэрээр бүх тоглолтод багаа оноо авалт болон самбараас бөмбөг авалтаар тэргүүлж эхлэв. Кентаккигийн “Зэрлэг муурнууд”-ын эсрэг тоглолтод хамраа хугалсан ч үргэлжлүүлэн тоглосоор хоёрдугаар хагаст 19 оноо аван хүчирхэг өрсөлдөгчөө хожсон байна. Хожихын тулд бүхнээ дайлчидаг түүнийг сагсанбөмбөгийн төлөө төрсөн нэгэн гэлтэй.
1960 оны NBA-ын драфтын хоёр дах сонголтоор тухайн үеийн “Миннеаполис Лэйкерс” баг сонгон, “Алтан шар өмсгөлтүүд”-ийн төлөөх аялал нь эхэлсэн юм. 1960-1974 оны хугацаанд мэргэжлийн түвшинд хүртэж болох бүхий л шагналыг өөрийн нэр дээрээ бичүүлжээ. NBA-ын найман удаагийн аварга, “Финалын үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хожигдсон багаас хүртсэн цор ганц эрхэм, Бүх NBA-ын нэг, хоёрдугаар баг, хамгаалалтын баг, онооны аварга гээд бүх цол гуншин түүний нэр дээр цуглав. “Лос Анжелес Лэйкерс” баг Жерри Уэстэд хүндэтгэл үзүүлэн 1983 онд түүний 44 дугаарыг “Crypto.com arena”-д 17 удаагийн аваргын баннерынхаа дэргэд мөнхөлсөн юм.
Жерри Уэст&Коби
Зодог тайлсныхаа дараа “Лос Анжелес Лэйкерс” багийн ахлах дасгалжуулагч, ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байх хугацаандаа ч тэрээр шилдэг нь байсан. Ж.Уэст манай үеийнхний сагсанбөмбөгийн шүтээн Коби Брайнтын сагсанбөмбөгийн замналд маш онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
1996 онд плэй оффын эхний шатнаас хасагдан, солилцоо наймаа эд өрнөж байсан 1996 оны тэр өдрүүдийг ерөнхий менежер Ж.Уэст толгой гашилган өнгөрөөжээ.
Өмнөх жилд нь плей оффт шалгарсан учраас драфтаас дээгүүр сонголт хийх боломж "Лейкерс"-т үгүй байж. Гэтэл яг энэ үед дунд сургуулийн сагсан бөмбөгийн од, 17-той жаалхүү Коби "Лейкерс"-ийн шалгаруулалтад орж, түүнийг нь Ж.Уэст үзэж таарчээ. Хэдий дунд сургуулийн жаалхүү ч авьяастай нэгэн байсан нь илэрхий. Чухамдаа Коби өөрөө ч биш, "Adidas"-ын пи ар менежерүүд л түүнийг сурталчилгааны зураг авалтад оруулахаар Лос Анжелест аваачиж, тэр далимдаа өөрийгөө харуулах боломж олгосон хэрэг. Коби бэлтгэл дээр оюутны сагсан бөмбөгийн лигт хүлээн зөвшөөрөгдсөн Донтей Жонс гэгчийн эсрэг хийжээ. Өрсөлдөгч нь өнгөрсөн улиралд лигтээ шилдэг амжилт үзүүлж, түүнийхээ ачаар зунжингаа Мемфис хотноо Пенни Хардуэйтэй хамт бэлтгэл хийсэн нэгэн байв. Гэвч өрсөлдөөнд Коби ялжээ. Донтей биеийн хүчээр илүү ч Коби бусад чадвараараа давж байжээ.
Драфтын өдөр болоход "Шарлотт Хорнетс" баг 13 дахь сонголтоор Ловер Мэрионы дунд сургуулийн тоглогч Коби Брайантыг сонгосноор түүх эхэлсэн юм. Ж.Уэст "Шарлотт"-оос драфталсан тоглогчийг нь худалдаж авна гэж тохирсон ч яг хэнийг сонгох ёстойг нэр дуудахаас хэдхэн минутын өмнө л хэлж өгсөн гэдэг билээ.
Агуу түүхт “Лос Анжелес Лэйкерс” багийг алдрын оргилд хүргэсэн эрхмүүдийн нэг бол гарцаагүй тэр. Кобигоос өмнө 1979 онд Мэжик Жонсонг олж багтаа нэгтгэсэн, Шакил О’Нейлийг урвуулсан гээд л түүний менежрийн хувьд хийсэн зөв нүүдлүүдийг дурдаад баршгүй. Бидний мэдэх “Шоутайм Лэйкерс”-ыг бүтээж, сагсанбөмбөгийн шинэ түүхийг бичилцсэн агуу эрхмийн түүх ийнхүү өндөрлөө. “Баатрууд ирээд буцдаг ч домгууд үүрд үлддэг” гэдэг шиг Ж. Уэстийн сагсанбөмбөгийн төлөө хийсэн бүх зүйл түүхийн хуудаснаа мөнхөд бичээстэй.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна