ОХУ 5.5 их наяд төгрөгөөр III ДЦС-ийн өргөтгөлийг барина гэдэг нь үнэн үү

С.Гандэлгэр
2024/09/02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол дахь айлчлалын үеэр III ДЦС-ыг өргөтгөх зураг төслийг боловсруулах ЗГ хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаар болоод байгаа билээ.  

Уг асуудлыг байнгын хороодоор хэлэлцэх үеэр зарим УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж, улмаар цахим сүлжээнд "1.5 тэрбум евро буюу 5.5 их наяд төгрөгөөр 300мватт өргөтгөл барих гэж байна" гэсэн мэдээлэл тарж, олон нийтийн шүүмжлэл дагуулсан юм. 

Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн эсэх, энэ төслийн ойр орчимд юу болоод байгаа талаар та бүхэнд ойлгомжтой тайлбарлая. 
Хамгийн түрүүнд тайлбарлах ёстой зүйл бол энэ төсөл хэрэгжих эсэх нь тодорхой болоогүй. Дээр хэлсэнчлэн, хоёр улсын ЗГ хооронд хэлэлцээр хийгдэж, зураг төсөл боловсруулагдаж байж санхүүжилтийн хэмжээ, бүтээн байгуулалт эхлэх, ашиглалтад орох хугацаа зэрэг нь тодорхой болно.
Тэгэхээр, төслийн үнэ өртөг тодорхой биш бол 1.5 тэрбум гэсэн тоо хаанаас гарч ирэв гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тэгвэл III ДЦС-ыг шинэчлэх асуудал олон жил яригдаж байгаа бөгөөд 1 тэрбум 486 сая евро нь төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах ОХУ-ын "Интер РАО Экспорт" компаниас 2022 онд  боловсруулж манай талд өгсөн ТЭЗҮ-нд дурдагдсан мөнгөн дүн юм.   
Ингэхдээ нийт санхүүжилтийн 15 хувийн Монголын тал, 85 хувийг ОХУ-ын тал гаргах саналтай байжээ. 
Харин Монголын талаас манай талын санхүүжилт таван хувиас хэтрэхгүй байх саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Мөн төслийг 915 сая ам.доллараар хэрэгжүүлэх боломжтой бөгөөд барилга угсталтын хугацааг хоёр жилээр богиносгох боломжтой гэж үзсэн байна. 
Энэ асуудлаар Монголын тал ОХУ-ын талтай удаа дараа уулзалт хийж, төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан юм байна. 
Өөрөөр хэлбэл ОХУ-ын талаас 1.5 тэрбум орчим еврогоор хийх ТЭЗҮ боловсруулж Монголын талд санал болгосон. Харин Монголын тал тус төслийг 915 сая ам.доллараар хийх боломжтой учраас төсөвт өртгийг бууруулах санал гаргасан гэсэн үг юм. Хоёр тал үнэ дээрээ тохиролцоогүй гэсэн үг л дээ. 
Харин Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн зураг төсөл буюу дэлгэрэнгүй ТЭЗҮ-г боловсруулах ажлыг Монголын тал өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр ОХУ-тай тохиролцсон байна. Ингэхдээ тухайн санхүүжилтийг хэрэгжих эсэх нь ч тодорхойгүй байгаа төслийн Монголын талын санхүүжилтэд оруулан тооцохоор болоод байна. 
Зураг төслийн өртөг 20 орчим сая ам.доллар.
Процесс хэрхэн үргэлжлэх, шинээр боловсруулан ТЭЗҮ-ийн төсөвт өртөг хэд байхаас  шалтгаалан доорх гурван боломжит хувилбар гарч ирж буй:
Нэгт, ОХУ-ын талын боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу буюу 1.5 тэрбум еврогоор хийх, 
Хоёрт, Одоо боловсруулах ТЭЗҮ-г хэт өндөр биш боломжийн үнийн дүнгээр боловсруулж, төслийг эхлүүлэх,
Гуравт, Шинээр боловсруулагдах ТЭЗҮ өндөр дүнтэй гарч. Манай тал үнийн дүнг зөвөөшөхгүй гэж үзвэл Монголын тал ТЭЗҮ боловсруулсан мөнгөөрөө "шатаж", цагаан дээр хараар бичсэн ТЭЗҮ гэх цаастай үлдэж ч магадгүй. 
Олон Улсад 300мв цахилгаан станцыг 500-800 сая ам.доллароор барьдаг. Хамгийн ойрын жишээ бол 2022 онд Ботсвана улсын 300МВ цахилгаан станц бариулах тендерийг Энэтхэгийн Jindal Steel & Power Ltd гэх компани авсан байна. Нийт төсөвт өртөг нь 13 тэрбум пула буюу 884 сая евро. Түүнээс гадна БНХАУ-ын зүгээс 800 сая ам.доллараар 300мв өргөтгөл барьж өгөх санал тавьж байсныг ч мартаж болохгүй.
90 мв-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төсөвт өртөг 855 тэрбум төгрөг байх жишээтэй. Ингээд харвал 1.5 тэрбум еврогоор 300мв өргөтгөл хийлгэнэ гэдэг маш өндөр дүн. 
Ямартай ч гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төсөл ар араасаа урган гарах олон асуудалтай тулгарах нь тодорхой. Хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх том төсөл учраас олон талын байр суурийг оролцуулж, хэлэлцүүлсний эцэст ямар улсаар хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ шийдэх ёстой. 
 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.80
    2024/09/03

    оросыг хэцүү үед тусалж байсан шиг юм болох нь дээ

    Хариулах