Гурван пара олимпоос дараалан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, аугаа түүх бүтээж, олимпийн тэнгэрт улсынхаа далбааг гурвантаа мандуулсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, паралимпын аварга Энхбаярын Содномпилжээ гэж хэн бэ
МУГТ Э.Содномпилжээ 1985 оны наймдугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод мэндэлжээ. Тэрбээр 14 насандаа их спортод хөл тавьж, 47 кг жинтэй туранхай хүү хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн түүхтэй. Э.Содномпилжээ дунд сургуулийн зургаадугаар ангийн сурагч байх үедээ хавдрын улмаас хөлөө тайруулж, амьдралын хүнд сорилттой нүүр тулжээ.
ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ:
Гэсэн ч тэр хүнд өвчнийг даван туулж, суга таягтай зүтгэсээр дунд сургуулиа дүүргэж, дараа нь Эдийн засаг бизнесийн дээд сургуульд 2003 онд элсэж, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байдаг. Э.Сондномпэлжээ сургуулиа амжилттай дүүргэсний дараа 2009 онд спортдоо эргэн ирж, Ш.Энхсайхан дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ базааж эхэлжээ.
Зөвхөн пара гэлтгүй пауэрлифтингийн УАШТ-д ч бас өрсөлдөж, 2010 онд хэвтээ шахалтаар 60 кг-д алт, 2011 онд 66 кг-д хүрэл медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн байдаг. 2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Энэ нь Монгол Улсын түүхэнд анх удаа пауэрлифтингийн тамирчин паралимпод оролцох болзол хангасан нь энэ байлаа.
“Рио 2016” паралипын наадмаас хүрэл медаль, “Токио 2020” паралимпын наадмаас алтан медаль хүртээд байгаа. Тэрбээр паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм.
Э.Содномпилжээ олимпийн медалийн тавцнаас буусныхаа дараа дараагийн олимпод илүү бэлтгэлтэйгээр оролцоно гэдгээ онцолсон байв. Ийнхүү шинэ түүх бүтээж, Монголчуудад тэр дундаа хүүхэд залууст урам зориг, итгэл найдварыг түгээж буй түүний цаашдын бүх тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна