Урантай эн зэрэгцэх "хөзөр" Газрын ховор элемент

Zuv.mn
2024/09/16

-Газрын ховор элемент нь техник технологи өндөр хөгжсөн орнуудад ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг бидэнд олгоно- 

Түүхийн тодорхой цаг хугацаанд хамгийн чухаг байж, эзэн улсынхаа хөгжлийн түлхүүр болдог ашигт малтмал, түүхий эдүүд бий. Аж үйлдвэрийн I, II, III хувьсгалын үед нүүрс, газрын тос, ган, өнгөт металл ийм үүрэгтэй байсан бол одоо үргэлжилж буй Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед дээр дурдсан ашигт малтмалууд дээр газрын ховор элемент хүч түрэн орж ирээд байна. Техник технологийн хөгжил чинээндээ тулахаар тэмүүлж, газрын ховор элементийн зах зээл эрчимтэй тэлж буй энэ үед Монгол Улс ч өөрийн байр суурь, нөлөөг тогтоох нь манай улсын цаашдын хөгжилд чухал нөлөөтэй юм.

Манай Улс газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой “Газрын ховор элемент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь цагаа олсон чухал ажил болж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр Газрын ховор элементийн нөөцөд түшиглэсэн хими-технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавигдаж, баяжмалыг боловсруулан исэл гарган авах технологийг эзэмших боломж бүрдэнэ гэж төсөөлж байна.

Манай урд хөрш БНХАУ техник, технологийн салбараа сүүлийн хэдхэн жилд үсрэнгүй хөгжүүлж чадсан нь газрын ховор элементийн зах зээлд нөлөөгөө тогтоосонтой салшгүй холбоотой юм. Тэд технологийн ноу-хауг дангаараа эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоох, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэргээр нөлөөгөө бататгаж ирсэн юм.  


БНХАУ чухам энэ газрын ховор элементийн нийлүүлэлтээ багасгаж, дарамталж байгаад Европ, АНУ-аас өндөр технологийн үйлдвэрүүдийг нь оруулж ирж чадсан. Одоо өөрсдийн үйлдвэрүүдээ тэдэнтэй өрсөлдүүлж байна. Газрын ховор элементийг ашиглаж өндөр технологийн үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож байгаа учраас Хятадын улс төр, эдийн засгийн гол хүч нь эдгээр элементүүд гэхэд  буруудахгүй.

Тэгвэл бид ч гэсэн яваандаа газрын ховор элементийн экспортоо хязгаарлаж, том улсуудад “Үйлдвэрээ оруулж ир” гэсэн шаардлага тавиад зогсож байх ч юм бил үү. Ингэвэл монгол хүн дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдэд ажиллаж, боловсорно гэсэн үг. Газрын ховор элементийн бас нэг чухал онцлог нь зэвсгийн үйлдвэрлэлд орлуулшгүй түүхий эд болдог явдал. Том гүрнүүдээс авахуулаад жижиг улсууд хүртэл сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж ирсэн. Энэ их хөрөнгийн тодорхой хэсэг нь газрын ховор элемент олборлогч улсын, тодруулбал БНХАУ-ын халаасанд орж буй. Тэгвэл бид энэ хөрөнгөөс хүртэх боломж  ч нээгдэх юм.


Хамгийн ховор, чухаг гэгдсэн энэ хоёр элементийн нөөц манай улсад хангалттай бий /АНУ-ын Геологийн албаны 2023 онд гаргасан мэдээллээр 3 сая тонн нөөц бүхий долоон орд, үүнээс Халзан бүрэгтэй дангаараа 1.2 сая тонн/.  “Газрын ховор элемент” хөтөлбөр боловсруулахтай холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан хэлэлцүүлгүүдэд оролцсон эрдэмтэн судлаачид нөөц нь тогтоогдсон бэлэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, шинээр орд газруудыг илрүүлэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна