Монголын дугуйн спортын түүхэн дэхь анхны хэт холын марафон өчигдөр боллоо. "Зэв" залуусын холбоо, Монголын дугуйн холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Дархан-Уул аймаг, Төв аймгийн дугуйн холбоо хамтран зохион байгуулсан "Сүлдэт багана" тэмцээнд есөн багийн 100 гаруй тамирчин оролцож, Алтанбулаг-Дархан 115 км, Алтанбулаг-Улаанбаатар 325 км, Дархан-Улаанбаатар 200 км, Баянчандмань-Улаанбаатар 50 км маршрутаар уралдсан юм. Үүнээс хэт холын марафон буюу 325 км-ийн зайд 10,04,20,82 амжилтаар түрүүлсэн дугуйн спортын ОУХМ Э.Болор-Эрдэнийн барианы дараах сэтгэгдлийг хүргэж байна.
-Монголын анхны хэт холын марафонд түрүүлсэн танд баяр хүргэе. Өмнө нь ийм хол зайд уралдаж байсан уу. Уралдааны зам, цаг агаарын нөхцөл ямар байв?
-Баярлалаа. Анх удаа 325 км зайд уралдаж үзлээ. Өмнө нь тэмцээнд дээд тал нь 280 км-т л уралдаж байсан. Зам ерөнхийдөө сайхан байсан. Харин уралдааны нөхцөл хүнд байлаа. Өгсүүр уруу ихтэй, салхитай байсан болохоор нэлээд ядарч ирлээ. Хамт явсан тамирчид маань сүүлдээ ядарч үлдээд, сүүлийн 100 км-ийг ганцаараа явлаа.
Салхи өөдөөс салхилж байсан болохоор хурд бага гарсан. Хэрвээ чанх өөдөөс хүчтэй салхитай байгаагүй бол цагаа илүү урагшлуулж, есөн цаг руу оруулах боломж байсан.
-Замд саад бэрхшээл тохиолдов уу?
-Гайгүй дээ. Бид нар замдаа ер нь зогсдоггүй, багийнхаа машинаас усаа авч ууж, хоолоо авч идээд явчихдаг юм.
-Энэ тэмцээнийг цаашдаа байнга зохион байгуулбал та оролцох уу?
-Би ер нь холын зайд уралдах дуртай. Миний бие бялдар, физиологи холын зайд уралдахад тохиромжтой, сайн байдаг. Тийм болохоор байнга оролцоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.41
Gaihamshigtai 2028 oni olimpod oroltsohiig husie
Хариулах