Э.Батшугар: Актив удирдлагын компани байгуулснаар зээлийн хүү 30 хүртэлх хувиар буурах боломжтой

С.Гандэлгэр
2024/10/17

2024.10.16-ны өдрийн “Эдийн засгийн байнгын хороо”-ны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монгол банкны удирдлагаас дараах асуудлаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Зээлийн хүү монголчуудын тулгамдсан асуудал болсон. Жигнэсэн дунджаар 18 хувьтай байна. Зээлийн хүүг бууруулах хамгийн хурдан, амархан арга нь “Актив удирдлага”-ийн компани байгуулах арга юм. Энэ аргыг хэрэгжүүлснээр зээлийн хүү 30 хувиар буурах тооцоолол бий. Ингэснээр 18 хувийн хүү 12 хувьд хүрэх боломжтой, манай улсад актив удирдлагын компани байгуулах ажил хийгдэх гэж байгаад больчихсон. Энэ ажил одоо ямар түвшинд явж байна вэ?Миний хэлснээр зээлийн хүү 30 хувиар буурах боломжтой юу. 

Хоёрдугаарт, ирэх жил засгийн газар, төв банкны үнэт цаасны хүүгийн зөрүүгээр “money market operation” нээх гэж байгааг дэмжиж байна. Төв банкны үнэт цаасны зах зээл 10 их наяд төгрөг байна. Үүнийг “Money market appreciation”-руу оруулж капитал маркетаа идэвхжүүлэх боломж нээгдэнэ. Энэ ажлыг хурдан хийхийг хүсье.

Гуравдугаарт, Дижитал төгрөгийг одоогийн байдлаар дэлхийн 11 дэлхийн төв банк, 55 улсын банк, 79 орны төв банк хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгэхээр манай улсын хувьд дижитал төгрөгийн гүйлгээг Монгол банк хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Үүнийг хэрэгжүүлснээр эдийн засагт бодит үр дүн авч ирж, хяналт, санхүүгийн хүртээмжийг сайжруулах чухал хэрэгсэл болно. 

Хамгийн сүүлд нь гадаадын хөрөнгө оруулагчийг Монгол улсад авч ирэхдээ төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэмээр байна. Монгол банк санхүүгийн үндсэн чиглэл дээрээ ч дэлгэрэнгүй биччихсэн байгаа. 1990 оноос хойш санхүүгийн үүсмэл хэрэгсэл бараг л хэрэгжихгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн чухал анхаарч буй асуудал бол валютын эрсдэл байдаг. Үүнийг ямар байдлаар валютын эрсдэлээс хамгаалах вэ. 

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Таны хэлж буй муу активтай холбоотой зардлын хэсэг 17 хувь гэж яригддаг. Банкны өөрийн урсгал зардал нь 12-13 хувь, технологийн зардалд гаргаж буй зардал 17-18 хувь учраас 20 гаруй хувиар буух боломжтой. Активын удирдлагын компани муу активаа борлуулах боломжтой болно. Барьцаа хөрөнгө хадгалагдаж буй банкны актив мөн эргэлтэд орно.

Манай банк, санхүүгийн байгууллагууд чадваржиж хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар банкны чанаргүй зээл нийт зээлийнхээ 5,8 хувь буюу маш доод түвшинд хүрсэн. Энэхүү хууль хэрэгжиж эхэлбэл цаг үеэ олсон боломжтой гэж харж байна. Хуулийн төсөл нь тухайн үед өргөн баригдсан ч хэлэлцэгдэж чадаагүй юм. Дижитал төгрөгийн хувьд Монгол банк бүх судалгаануудыг хийгээд дууссан. Олон улсын жишгээс харахад төв банкны дижитал төгрөг бөөний зах дээр ажиллах эсвэл жижиглэнгийн зах дээр ажиллах сонголттой байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.