УИХ-ын чуулганаар 2025 онд баримтлах Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Одоо гишүүд асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүд хариулж байгаа юм.
Ипотекийн зээл 2013 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 1 их наяд 140 тэрбум орчим төгрөг 127,000 өрхөд олгогджээ. Энэ жилийн хувьд, эхний зургаан сарын байдлаар 6000 орчим зээлдэгчид олгосны 2613 нь хөдөө орон нутагт гурван хувийн хүүтэйгээр олгогджээ.
Зээлийн тоог хот хөдөөгөөр ангилбал 50, 50 хувь байгаа бол гаргасан эх үүсвэрийн хэмжээгээр тооцвол нийт зээлийн 54 хувь нь нийслэлд, 46 хувь нь орон нутгийн зээлдэгчид рүү гарсан байна. Ирэх жил 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр зээл олгогдох төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Н.Наранбаатар гишүүн эх үүсвэрийг нэмэх, хүүг буулгах тал дээр ямар боломжууд байгааг асуухад Ажлын хэсгийн ахлагч, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийн хүүг ялгаатай тогтоож өгвөл эх үүсвэр нэмэгдэх боломж бий. Өнөөдөр банкууд 14 хувийн хүүтэй зээлийг өөрийн эх үүсвэрээр чөлөөтэй олгоод явж байгаа. Тиймээс хотын төвийн орон сууцанд 10 хувь гэдэг ч юм уу, болговол эх үүсвэр 2 их наядад хүргэх ч боломж байна" гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна