П.Наранбаяр сайд төсвийн бодлогыг сайшаалаа

Х.Батсайхан
2024/10/18

УИХ-ын чуулганаар 2025 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр төсөв боловсруулагчдын энэ жилээс баримталж эхэлсэн шийдэх ёстой асуудлыг нэгмөөсөн, дорвитой шийдэх тактикийг сайшааж байгаагаа илэрхийллээ. 

Монгол Улс өмнө нь нэг жилд 500-600 жижиг болон он дамжсан төслийг улсын төсвөөс санхүүжүүлдэг байсан бол ирэх оны төсөвт үүнээс бараг 10 дахин цөөн, эдийн засгийн өсөлтийг хангах чиг баримжаатай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа юм. 

П.Наранбаяр сайд энэ талаар "Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага байгаа. Нэг ангид 40 хүүхэд суралцана гэдэг бол хүүхдийн эрхийн зөрчил мөн. Гэхдээ салбарт бүрт асуудлыг нэг мөр барьж авч, нэгмөсөн шийдэх бодлого баримталж байгаатай тань санал нийлж байна. Манай хөрш гэж болохоор Казахстан улс нэг жилд 240 сургууль барьж, асуудлаа нэг мөсөн шийдэж байсан жишээ бий. Тиймээс манай салбарт байгаа асуудлыг мөн энэ маягаар нэг мөсөн шийднэ гэдэгт итгэж байна. Ингэж шийдэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байна" гэсэн байр суурь илэрхийлсэн. 

Сайдыг үг хэлэхээс өмнө мөн салбарын төлөөлөл Ж.Галбадрах гишүүн үг хэлж, "2025 оны төсөвт нэг ч шинэ сургууль барих мөнгө тавигдаагүй, салбарын зардал санасан хэмжээнд хүрээгүй" гэж шүүмжилсэн байсан юм. 

Сангийн сайд Б.Жавхлан Ж.Галбадрах гишүүний асуултад "Шинэ сургууль, цэцэрлэг барих мөнгө тавиагүй ч өмнө нь эхлүүлсэн байсан сургууль, цэцэрлэгүүдээ дуусгаад авъя гэдэг бодлого баримталсан юм. Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа 90 сургууль, 62 цэцэрлэг байгаа. Дээр нь Нийслэлийн төсвөөр баригдаж байгаа 37 сургууль ашиглалтад орно. Тэгэхээр таны санаа зовж байгаа асуудал шийдэгдэх байх гэж харж байна. 

Бид төлөвлөгөөгөө нэг жилээр биш, дөрвөн жилээр гаргаж явж байгаа. Ингэж харвал таны бодол өөрчлөгдөх байх" хэмээн хариулсан юм. 

Засгийн газраас ирэх дөрвөн жилд эдийн засгаа өсгөх төслүүдэд түлхүү хөрөнгө хуваарилж, тэлэхийг чухалчилж байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна