Энэтхэг улс Монголын коксжих нүүрсний зах зээлд "тэсрэлт" үүсгэх үү

Х.Батсайхан
5 цаг 57 минутын өмнө

Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэглээнийхээ тодорхой хувийг Монголоос авах асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хооронд талууд боломжит хувилбаруудыг хэлэлцэж, тээврийн зардлыг багасгахын тулд Монголд кокс болгоод зөөх зэрэг саналууд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн, тээврийг БНХАУ-аар бус, ОХУ-аар дамжуулахыг Энэтхэг улс сонирхож, туршилтын тээврийг эхлүүлэх гэж байгаа талаар тухайн цаг үед нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ ажил үргэлжилж байгаа бөгөөд Энэтхэгийн холбогдох албад энэ талаар мэдэгдэл хийсээр байгаа аж. 

Хамгийн сүүлд Энэтхэгийн Засгийн газрын өндөр тушаалын эх сурвалж Монголоос коксжих нүүрс авах хэвээрээ, боломжуудыг авч үзсэн хэвээр байгаа гэж мэдэгджээ.

Энэтхэг улс Монголоос нүүрс худалдаж авах гол баталгаа нь хямд үнэ    

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний байруудад бичигддэг Энэтхэг улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэглээгээ хангаж чадахгүй, ган импортлогч болж хувирчээ. Тэр дундаа салбарын ч, бүс нутгийн ч гол өрсөлдөгч БНХАУ-аас их хэмжээний ган худалдаж авах болсон байна. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сараас хойш БНХАУ-аас импортолсон гангийн хэмжээ дээд амжилт тогтоожээ.

Тиймээс Энэтхэгийн Засгийн газраас ган хайлуулах гол түүхий эд болох коксжих нүүрсийг импортлох зорилгоор “Төрийн өмчийн компаниудын консорциум” байгуулах төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Энэхүү консорциум нь зах зээлээс коксжих нүүрс олж ирж, дотоодын гангийн үйлдвэрүүдийг коксын дутагдлаас гаргах зорилготой юм. 

Энэ зорилгоор явагдаж буй Монгол-Энэтхэгийн хэлэлцээрийн хүрээнд Монголоос коксжих нүүрсийг альтернатив арга зам ашиглан Энэтхэг рүү зөөвөрлөх, өртгийг бууруулах хүрээнд Монголд коксын үйлдвэр барьж, цэвэр коксыг Энэтхэг рүү зөөх зэрэг хувилбарууд яригдаж байгаа гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүнчлэн, Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс худалдаж авах туршилтын тээврийг ойрын гурван сарын дотор эхлүүлэх талаар баттай эх сурвалжийн мэдээллийг өнгөрсөн долдугаар сард хүргэсэн. 
Нүүрсийг Монголоос ОХУ-аар дамжуулж зөөхөд тээврийн зардал өндөр гарах ч Монголын нүүрс Австралийн нүүрснээс тонн тутамдаа 50 ам.доллараар хямд байдаг нь худалдааг амжилттай болгох гол хүчин зүйл гэж үзэж байгаа юм. 

Нүүрс зэрэг үнэ хямд түүхий эдийн бизнес нь таваарын гэхээсээ илүүтэй ложистикийн бизнес гэж тооцогддог бөгөөд тээврийн компаниудаараа дамжуулж ашгаа олдог жишиг бий. Харин Монгол Улсын тухайд, нүүрсний шинэ худалдан авагчтай болсноор эзкспортын биет хэмжээ өсөх, валютын орлого нэмэгдэх таатай боломж юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.153
    4 цагийн өмнө

    Тээврээ монгол өөрөө хийж тээврээс мөнгө олох хэрэгтэй хэтэрхий бага үнээр өгөх гэж байгаа биш биз дээ үнэ оруулах хэрэгтэй

    Хариулах