-Хамгийн дуулиантай "Алтан бөмбөг"-
"Франс футбол" сэтгүүлийн редакциас тодруулдаг энэ жилийн оны шилдэг хөлбөмбөгчний Алтан бөмбөг шагналын эзнээр Испанийн Родри шалгарсан билээ. Тэрбээр Испанийн шигшээ багаа Европын аваргад түрүүлүүлсэн амжилтаараа голлож энэ шагналыг хүртсэн. Одоо ингээд бодоход түүнийг шагнал хүртсэн нь маргаангүй мэт боловч хөлбөмбөг сонирхогчид энэ удаагийн ёслолыг 1956 оноос хойших хамгийн дуулиантайд тооцож байгаа нь "Реал" Мадрид баг болон тус багийн тоглогч Винисиус Жуниортой холбоотой юм.
Учир нь, дугтуй задлахаас өмнө хөлбөмбөгийн ертөнц тэр чигээрээ шахуу /Зохион байгуулах хорооноос бусад/ Винисиус Жуниорыг шилдгээр тодруулчихаад байсан юм.
Винисиус ч ингэж бодож байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт "Барселона"-д 0:4-өөр хожигдсоныхоо дараа үүнийгээ ил гаргасан гэх. Тодруулбал, тоглолтын дараа "Барселона"-гийн Хави түүн рүү "Дөрвөн бөмбөгөөр хуурай хожигдлоо" гэдэг утгаар дөрвөн хуруугаа гозойлгоход мань эр "Өнөөдөр хожигдсон ч ирэх даваа гарагт би алтан бөмбөг авна" гэж хэлсэн гэнэ.
Гэвч шагналтнууд яг ямар шагнал авахаа захидал нээх агшинд л мэддэггүй бололтой. Винисиус Парист болсон шагнал гардуулах ёслолд очоогүй төдийгүй, "Реал" баг нь Франц руу нисэх онгоцны захиалгаа цуцалжээ. Эх сурвалжийн хэлснээр, Парист Карло Анчелотти, Жуд Беллингем, Андрей Лунин, Дани Карвахаль нар очихоор байсан ч больсон гэнэ. "Тэд очно, очихгүй гэдэг нь хошигнол" гэсэн мэдээлэл сүүлийн мөч хүртэл явсан ч тэд очоогүй. Тэд бүгд шагналд нэр дэвшигчид байсан бөгөөд Карло Анчелотти оны шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм.
Винисиусын энэ үйлдэл хөлбөмбөгийн хорхойтнуудаас шүүмжлэл хүртээд байна. Тодруулбал, Винисиусыг "Хүүхэд шиг загналаа" гэцгээж байгаа ажээ.
Бүх цаг үеийн хамгийн ширүүн өрсөлдөгчид болох Криштиану Роналду, Лионель Месси нар нэгнээ хүндэтгээд ёслолд очиж оролцдог байсныг тэд үлгэр жишээ болгон ярьж байгаа аж.
Харин Родри өөрөө шигшээ багийн анд Карвахаль гэмтээгүй бол тус шагналыг авах ёстой байсан гэсэн байна. Мөн Ламин Ямалийг хэдэн жилийн дотор "Алтан бөмбөг" хүртэнэ гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.233
Тиймээ! Карвахаль авах бсан!
Хариулах