ТӨСӨВ 2025: Боловсролын салбарын төсвийг танаж болохгүй

Zuv.mn
11 цаг 8 минутын өмнө

                                           -Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий-

Энэ сарын 10-ны дотор багтаан УИХ-аар оруулахаар бэлтгэгдэж байгаа Төсвийн тухай хуульд Боловсролын салбараас хамгийн их таналт хийхээр тусгажээ. 2025 оны төсөв бүсчилсэн хөгжил, өсөлтийг дэмжсэн бүтээн байгуулалт өрнүүлэх үндсэн чиглэлтэйгээс гадна Засгийн газар хийх ажлаа дөрвөн жилээр төлөвлөж оруулж ирснээрээ онцлог. Энэ утгаараа он дамжсан барилгуудыг дуусгая, цаашид цөөн бүтээн байгуулалтыг аль болох олон он дамнуулахгүй дуусгаж байя гэдэг зарчим баримталсан. Энэ зарчмаар хөрөнгө оруулалт хуваарилахад Боловсролын салбарт хамгийн олон он дамжсан барилга байсан. Тиймээс он дамжсан барилгуудад мөнгө хуваарилаад шинэ хөрөнгө оруулалтад нэг ч төгрөг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсөв анх батлагдахдаа л Боловсролын салбарын төсвийг таначихсан орж ирсэн гэж ойлгож болно.

Гэтэл 2.4 тэрбумыг танасан шинэ төсвийн төсөлд Боловсролын салбараас хамгийн их төсөв танажээ.

Сангийн яам төсөв боловсруулахдаа хөрөнгө оруулах төсөл хөтөлбөрийг маш сайн эрэмбэлсэн. Хамгийн ашигтай төслүүдэд л мөнгө тавьсан гэсэн үг. Харин дахин боловсруулахдаа салбаруудаас тэгш хувиар хасах зарчим барина гэж байсан. Гэтэл боловсролын салбараас түлхүү хассан нь наанадаж, бүх салбраас тэгш хувилж хасах зарчмаа зөрчсөн, цаашлаад салбаруудыг бас эрэмбэлэх ёстой байсан гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.

Манай улсын боловсролын салбарт өөрийн гэсэн онцлогууд бий. Хүн амын бүтэц нь харьцангуй залуу тул бага, дунд, дээд боловсрол эзэмших насныхан бусад улс оронтой харьцуулахад их хувь эзэлдэг. Үүнээсээ болоод хүртээмж нь бусад салбараасаа хоцрогдолтой явдаг. Боловсролын салбарын дэд бүтэц нь хүн амынхаа өсөлтөөс нэгэнт хоцорчихоод хойноос нь хөөж яваа тул зардлын ихэнх нь бүтээн байгуулалт, хувьсах зардалд явчихдаг.

П.Наранбаяр: Хүнд байна

/Боловсролын сайд/

Би хасуулаагүй. Багш нарын цалинг бууруулж болохгүй. Сургалтын чанарыг бууруулж болохгүй. Төсөв угаасаа бага байсан. Сургууль цэцэрлэгийн хүртээмж хүн байгаа. Ер нь хүнд байна.

Сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур. Бусад улс орнууд бүх хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулчихаад ДНБ-ийхээ 4-6 хувийг сургалтын материаллаг баазаа бэхжүүлэхэд зарцуулдаг. Харин бид сургууль, цэцэрлэг барьж, багш нарын цалин, сургуулийн халаалт, цахилгаан төлбөрт хамаг мөнгөө зардаг гэсэн үг. Гадаад улсын цэцэрлэгийн хүүхдүүд төрөл бүрийн тоглоомоор тоглож нааддаг байхад Монголын цэцэрлэгийн хүүхдүүд өдөржингөө зурагт үзэж суудаг, хүүхдэдээ тоглоом бариулаад ангид нь оруулсан эцэг эхэд “Ангид битгий тоглоомтой оруул, булаацалдаж зодолдоно” хэмээн хориглодог нь гашуун ч гэсэн үнэн.

Засгийн газраас Боловсролын тухай хуулийн агуулгыг шинэчлэхдээ монгол хүн байх, ёс зүйтэй, хариуцлагатай иргэн болж төлөвших агуулгыг илүүтэй шингээсэн энэ зөв. Мөн хэрэгжилт нь нэг жил ч сулрах ёсгүй. 

Машинд дайруулсан гурван настай хүүхдийн хажуугаар хэнэг ч үгүй өнгөрч яваа хятадуудын видео бичлэг хэдэн жилийн өмнө цацагдаж, дэлхий нийтийг цочирдуулж байсныг уншигчид мартаагүй байх. Дэлхийн хамгийн баян, хүчирхэг гүрэн болохоор тэмүүлж буй Хятад улсын сул тал ингэж ил гарч ирсэн. Түүнээс хойш хөгжингүй орнуудын зүгээс “БНХАУ үнэхээр дэлхийн гүрэн болох гэж байгаа л юм бол хүний хөгжилдөө илүү анхаарал хандуулах шаардлагатай” гэсэн шүүмжлэл гаргах болсон.

Улс орныг бэртэгчин, амиа хичээгчдийн бөөгнөрөл биш, улс шиг улс болгодог зүйл нь хүний хөгжил, нэг үгээр хэлбэл боловсрол. 

Гэтэл энэ чухал салбар цар тахлаар хамгийн их хохирол амссан. Хүүхдүүдэд үндсэндээ хоёр жилийн хоцрогдол үүссэн. Боловсролын салбарын хохирол далд явагддаг. ПИСА-гийн шалгалтаар ч ил гарсан. Заавал нөхөх ёстой. Үүний тулд олон улсын авч хэрэгжүүлж байгаа арга ажиллагааг шингээж цаг үетэйгээ хөл нийлүүлэх нь чухал. Харин олон улс бол төсвөө бууруулахгүй, жил бүр нэмж явахыг л чухалчилж байна. 

Нөхцөл байдал нь ийм хүнд байгаа салбартаа "Шинэ сургууль, цэцэрлэг барилгүй нэг жил тэвч" гэж хэлчихээд байсан хэр нь таналтад дахиад өртүүлнэ, ингэхдээ бусад салбараас илүү өртүүлнэ гэдэг байж болохгүй. UNICEF эрс шинэчлэл хийхгүй бол болохгүй гэж дүгнэсэн салбар шүү дээ. 

Тиймээс өөр танаж болох зардал хаана байна, хайя, сайн үзье. Иргэдийн хүлээлт бол төсвийн таналт олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал цуглаан, гадаад, дотоод томилолт зугаалгаас гадна захиргаа тал руугаа чиглэсэн байгаасай гэж хүсэж байгаа болохоос хүүхдийн сургалтын чанарт нөлөөлөх, ирээдүйгээ хохироох асуудал гаргаж болохгүй гэдэгт 100 хувь санал нэгдэх болов уу.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна