Бээжинтэй хийж буй "ЦУСГҮЙ ДАЙН"-д Н.Модигийн ЭНЭТХЭГ ЯЛЖ, АНУ-тай хүчирхэг холбоог үүсгэх үү

Х.Батсайхан
4 цаг 15 минутын өмнө

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Энэтхэг улсад хүрэлцэн ирлээ. Жей Ди Вэнс энэтхэг гаралтай эхнэртэй бөгөөд энэ нь хэвлэлүүд айлчлалыг "Энэтхэг Вашингтонд өөрийн гэсэн хүнтэй болсон уу" гэх зэргээр гарчиглахад хүргэж байна. Гэхдээ түүнээс ч илүү нэг зүйл байгаа нь Жей Ди Вэнсийг Дэд ерөнхийлөгч болгоход эхнэр Ушагийн энэтхэг гарал нөлөөлсөн үү гэх асуулт. 

Бүр тодруулбал, БНХАУ-тай дайн өрнүүлсэн АНУ стратегийн түншээрээ ОХУ-аас гадна Энэтхэгийг сонгож, харилцаагаа өргөжүүлэх замаар БНХАУ-ыг сулруулах бодлогодоо ашиглах уу, энэ бодлогыг явуулах гэж энэтхэг эхнэртэй ЖД Вэнсийг Дэд Ерөнхийлөгчөөр томилсон уу гэдэг асуудал анхаарал татаж байна. 

Жей Ди Вэнс, Уша Вэнс

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг "чанга хүн" гэж хүлээн зөвшөөрөөд сайн найзууд гэж хэлсэн. Тарифын асуудал дээр БНХАУ шиг хатуурхаагүй бөгөөд 13 хувийн татвар тогтоосон байснаа Жей Ди Вэнсийн айлчлалын өмнө 11 хувь болгож бууруулсан нь хамгийн бага хэмжээнээс нэг хувиар л илүү гэсэн үг юм. 

Жей Ди Вэнс айчлалын үеэр Н.Модитой уулзаж, дэлхийн хөрөнгийн зах зээлд үймээн самуун үүсгээд байгаа Трампын татвар, эдийн засаг, геополитикийн асуудлуудыг хэлэлцэнэ гэж “The Times of India” мэдээллээ. Хоёр удирдагё өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Вашингтонд уулзахдаа эдийн засаг, батлан хамгаалах, эрчим хүч, технологийн салбар дахь харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцсон. Тохиролцооны хамгийн гол агуулга нь Энэтхэгт АНУ-ын бараанд ногдуулдаг импортын импортын татвараа талаас илүү хувиар бууруулахаар тохиролцсон явдал байв. Одоо Энэтхэг АНУ-аас жилд 23 тэрбум ам.долларын бараа авч байгаа бөгөөд татвар буурснаар хэмжээ огцом өснө. Н.Моди энэхүү шийдвэр нь "Энэтхэг-Америкийн худалдааны хэмжээг 2030 он гэхэд 500 тэрбум долларт хүргэх чухал алхам юм" гэж мэдэгдсэнээс үзэхүүл хоёр улсын хооронд хүчирхэг холбоо тогтох нь тодорхой. Учир нь, АНУ, БНХАУ-ын худалдаа 2024 онд 600 тэрбум ам.доллар байсан бөгөөд тэд биедээ хамгийн том түнш байсан юм. Хэрвээ энэ таамаг ёсоор болбол Энэтхэг улс АНУ-ын ачаар барсын хүчээр өндийж, БНХАУ-аас үлэмж давуу болох эхлэлээ чухамхүү өнөөдрийн айлчлалаар тавьж байна. 

Бид өнөөдөр та бүхэндээ Энэтхэг улсын том амбийц, энэ амбийцыг хэрэгжүүлж болно гэдгийг
ард иргэдэдээ ойлгуулан таниулж, хэрэгжүүлж яваа Ерөнхий сайд Нарендра Модигийн
талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

ЭНЭТХЭГИЙН ГАЙХАМШИГ ТОХИОГООД УДАЖ БАЙНА

Эдийн засаг нь жил бүр тогтмол 10-аас дээш хувиар өсч байх үед БНХАУ-ыг бүгд “Гайхамшиг”
гэж нэрлээд, жилд ойролцоогоор 6-7 хувийн өсөлттэй байсан Энэтхэгийг тоогоогүй. Гэтэл
Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, цаашдаа хэрхэхийг хэн ч хэлж чадахгүй байхад
Энэтхэг нөгөө л жигд хэмнэлээ хадгалсаар өдгөө бүс нутгийн гол тоглогч болохоор ил гарч
ирээд байна. Энэ ахиц дэвшлийг гаргахад гол нөлөө үзүүлсэн хүн нь Ерөнхий сайд Нарендра
Моди юм. 2014 оноос Ерөнхий сайдаар ажилласан тэрээр саяхан болсон сонгуульд дахин
ялж, албан тушаалдаа 2028 он хүртэл үлдэхээр болоод байгаа билээ.

ЦАЙНЫ НАЙМААЧНЫ ХҮҮ ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН НЬ

Нарендра Демодардас Моди 1950 оны есдүгээр сарын 17-нд Энэтхэгийн Гужарат мужийн
Ваднагар хотноо зургаан хүүхэдтэй айлын гурав дахь нь болон мэндэлжээ. Түүний бага насны
талаар мэдээлэл хомс. Багадаа эцгийнхээ ажилд туслан цай наймаалдаг байсан, 17
настайдаа гэрээ орхин эх нутгаараа даяанчилсан гэхээс өөр тоймтой мэдээлэл байдаггүй.
Харин улс төрийг хар багаасаа сонирхож, хүүхдээрээ шахуу байхдаа Раштрия сваямсевак
сангх буюу “Эх орны сайн дурын зарц нарын зөвлөл” хэмээх үндсэрхэг байгууллагад элсэн
олон жил гишүүнчлэлтэй явсан гэнэ.


1970-аад онд Раштрия сваямсевак сангх нь хууль бус байсан тул Нарендра Моди зооринд
амьдарч, суртал ухуулгын материал бэлтгэх аюултай ажлаа хийдэг байсан гэнэ. Нарендра Моди улс төр судлалын мэргэжлийг Делигийн их сургуульд эзэмшиж, хожим Гужарат муждаа
энэ чиглэлээрээ зэрэг хамгаалжээ.


Тэрбээр 1987 онд “Бхаратия Жаната” намд элсэж, албан тушаалын шат дамжлагаар зугуухан
өгссөөр 1995 онд Үндэсний нарийн бичгийн дарга болж, 1998-2001 онд ерөнхий нарийн
бичгийн даргаар ажилласан байна. Улмаар 2001 онд Гужарат мужийн Ерөнхий сайд болжээ.
Гужаратыг удирдаж байхдаа тэр үндэсний хэмжээний нэр алдрыг олж авсан юм. Хувьчлалыг
тууштай явуулж, гадаад харилцаагаа хөгжүүлэн хөрөнгө оруулалт татсанаар мужийнхаа
эдийн засгийг Энэтхэгийн өөр аль ч мужид байхгүйгээр хөгжүүлж чадсан байна. 


Гужарат муж гаднаас орж ирсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр улсдаа тэргүүлж, хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр мөн нэгдүгээрт бичигдэж байв. Гэхдээ бүх зүйл шулуун дардан
байсангүй. 2002 онд Гужаратад дэгдсэн шашин хоорондын мөргөлдөөнд хандсан хандлагыг
нь энэтхэгчүүд одоо ч шүүмжилдэг байна.

2013 онд “Бхаратия Жаната” намаа Парламентын сонгуульд удирдаж орох үүрэгт тохоогдож,
тэр жилийнхээ намар Ерөнхий сайдад нэр дэвшигч хэмээн албан ёсоор зарлагдсан юм.
Улмаар 2014 онд Ерөнхий сайд болсон билээ.

ПОПУЛИЗМЫГ ТАЯГДАН ХАЯСАН ЭНЭТХЭГ УЛС, ЭНЭТХЭГЧҮҮД

2014 оны сонгуулийн дараахь энэтхэгчүүдийн сэтгэл санааны байдал, сая явагдсан
сонгуулийн дараахь байдлыг харьцуулж харвал тэнгэр газар шиг ялгаатай. 2014 онд
Нарендра Моди, “Бхаратия Жаната” нам Энэтхэгийг үе улиран захирч ирсэн Ганди, Неругийн
гэр бүлийн ноёрхлыг нураасан юм.


Тэгэхэд сонгогчдын дунд “Элитүүд элитээрээ л байна, энгийн ард түмний эгэл боргил
амьдралыг мэдэхгүй, тиймээс энгийн хүнийг сонгож, амьдралд ойрхон бодлого явуулах,
бодит үр дүн гаргах хэрэгтэй” гэсэн философи давамгайлж байсан юм. Тиймээс цай
худалдагчийн хүү болж төрсөн эгэл удам нь Модигийн ялалтад нөлөөлсөн. Гэхдээ 2001-2014
онд Гужарат мужийг удирдахдаа эдийн засгийг нь сэхтэл босгосон нэр хүнд нь түүнийг
Ерөнхий сайд болгосон юм. Энэтхэгчүүдийн сонголт буруу байгаагүй гэдгийг өнгөрсөн таван
жилийн эдийн засгийн өсөлтөөс харчихаж болно.

Тэгвэл дараа, дараагийн удаад энэтхэгчүүд Нарендра Модиг улс орноо хөгжүүлнэ, хүчирхэг
Энэтхэг орныг бүтээж чадна хэмээн итгэлтэйгээр сонгосон. 2014 онд 543 суудлын 283-ыг
авсан “Бхаратия Жаната” нам энэ сонгуулиар суудлынхаа тоог 300 болгон нэмсэн нь
Нарендра Модигийн өнгөрсөн таван жилийн ажилд нь өгсөн үнэлгээ байсан юм. 

Гандигийн удмынхны удирддаг Үндэсний конгресс нам 2009 оны сонгуулиар 262 суудалтай байсан бол
2014 оны сонгуулиар 100, энэ жилийнхээр 96-хан суудал авсан. Үндэсний конгресс намын дарга Рахул Ганди нам нь сонгуульд ялбал тариачин өрх бүрт жилд 1000 ам.доллартай
тэнцэх мөнгөн тусламж олгохоор амалж сонгуульд орсон бол Нарендра Моди Энэтхэгийг
эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болгоно гэсэн амлалт өгсөн.

Нарендра Моди энэтхэг хүний толгойноос амь зуух тухай мөчид бодлыг бага, багаар арчиж,

хувь хүний хөгжил дээр тулгуурласан, өндөр хөгжилтэй хүчирхэг улсыг байгуулах тухай шинэ
мөрөөдлийг суулгаж чадсан гэдгийг энэ сонгууль бүрэн утгаараа нотолсон юм. Энэтхэг шиг
ядуу буурай иргэд олонтой улсын хувьд Р.Гандигийн популист амлалтыг таягдана гэдэг маш
том ялалт билээ.

БНХАУ-ЫГ ХАЗААРЛАХ АЯН, АЛСЫН ХАРАА
Энэтхэгийн эдийн засгийн нөөц боломж, идэвхтэй гадаад бодлого нь БНХАУ-ын Төв Ази дахь нөлөөлийг хазаарлах ногт байж магадгүй гэж харах хүн олон байна. Энэтхэг улс хоёр жилийн өмнө ШХАБ-ын гишүүнээр элссэн бөгөөд БНХАУ, ОХУ-ын аль нэгний далбаан дор биш,
өөрсдөө өөрийн гэсэн бүлэгтэй болох том амбийцтай байгаа нь аль хэдийнэ
мэдэгдсэн. Нарендра Моди Ази дахь Хятадын ноёрхлын эсрэг тууштай зогсдог гэдгээрээ
алдартай. Амжилт ч олж байгаа. Шри Ланка улс БНХАУ- аас их хэмжээний мөнгө авч,
нөлөөнд нь бараг бүрэн автаад байсан бол шинэ гарч ирсэн удирдагчид нь Энэтхэгээс
тусламж гуйсан. Төв Азийн орнуудад хийх хөрөнгө оруулалтын хэмжээгээ өсгөж байгаа.
Геополитик судлаач Вадим Козюлиний хэлснээр бол Олон улсын дамжин өнгөрөх тээврийн
(Умард-Өмнөд) хонгил хэмээх механизмыг ажиллуулахад Энэтхэг улс лидерийн үүрэгтэй орж
болох гэнэ.

БНХАУ-тай бодитой өрсөлдөхөд Энэтхэгт нэг том давуу тал байгаа нь боловсон хүчний
хангамж юм. Ер нь Энэтхэгийн эдийн засаг өсч байгааг хөдөлмөрийн насныхан нэмэгдэж
байгаатай холбож ойлгох явдал бий. 2005-2007 онд тус улсын эдийн засгийн өсөлт
ойролцоогоор 9 хувьтай гарсан. Түүнээс хойш дунджаар долоон хувийн өсөлтийг хадгалж
яваа. Энэ хооронд хүн амын өсөлт нь ч хоёр дахин нэмэгджээ.
1991 онд буюу тус улсын парламент эдийн засгаа либеральчлахад төрсөн залуус одоо яг
нөхөн үржихүйн идэвхтэй насан дээрээ иржээ. Хүн амын 40 хувийг тэд бүрдүүлдэг болсон
байна. Энэ нь улс төрийн салбарт ч нөлөөлөх бодит хүчин зүйл болж хувирав. Энэтхэгийн
Засгийн газрын сайд нарын дундаж нас 65 байдаг. Тэр ч байтугай Нарендра Модигоос өмнө
Энэтхэг улс тусгаар тогтносноос хойш төрсөн (1947 онд тусгаар тогтносон) нэг ч Ерөнхий
сайд байгаагүй юм.

Эдүгээ тэд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд явж байгаа нь үнэн ч илүү
эрчимжүүлэхийн тулд хөрвөх чадвар сайтай, уян хатан бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэх
хүмүүс ч байгааг үгүйсгэж болохгүй. Баян хоосны ялгаа ихтэй, “мөнчгөрөөрөө” амжилтад
хүрэх боломж бараг “0”-тэй тэнцүү гээд асуудал бий. Өөрөөр хэлбэл, нэгэнт ядуу айлд л
төрсөн бол тэр чигтээ дуусах магадлал өндөр. Томчууд нь хоорондоо ураг барилдаж,
амьдралаас хэт тасарсан, жирийн иргэдийн цалин хөлс дэндүү бага гээд хөгжиж байгаа улсад
байдаг бүх л бэрхшээл тэнд байна. Залуус өсөөд л байдаг, ажлын байр байдаггүй.

Тодруулбал, эдийн засгийн өсөлт нь ажиллах хүчнийхээ өсөлтийг гүйцэхгүй бэрхшээл байгаа.
Тэд энэ бэрхшээлээ шийдвэрлэж, БНХАУ-ыг гүйцэн шинэ зууныг эрхшээх эсэхийг цаг хугацаа
харуулах биз. Ямартай ч Делигийн барьж буй “Вашингтонд ч, Бээжинд ч бууж өгөхгүй” гэх
танил дүр зурагтай бодлого цаашид хэрхэн өрнөхөөс их олон зүйл шалтгаална гэдэг л
тодорхой юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна