Ж.Алдаржавхлан​: Хүүхдийн төлөө л фейсбүүкийг гурван сар хязгаарлах санал гаргасан

Х.Есү
5 цаг 0 минутын өмнө

Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр фейсбүүкийг гурван сар хаах талаар санал гаргасан. Энэ нь цахим орчинд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. 

Энэ талаар бид УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас тодрууллаа. 


Тэрбээр, "Өчигдөр хууль зүйн байнгын хороон дээр хүүхдүүдийг цахим гэмт хэргээс хамгаалах тухай асуудал яригдсан. Тиймээс хамгийн болж бүтэхгүй хэрүүл уруул, зодоон цохионыг үзэж болдог нийгмийн тэр платформоос хүүхдүүдээ хамгаалъя л гэсэн юм. 

Гэхдээ Монгол Улсын хэмжээнд фейсбүүкийг гурван сар хаая гээгүй. Зөвхөн хүүхдүүдийн орчинд л гэж хэлсэн юм. Миний санал гэвэл 16 хүртэлх насны хүүхдүүдийн фейсбүүкийн хэрэглээг бүрэн хязгаарлая гэж байгаа юм. 

Мөн сургуулийн орчинд тэр зүйлийг хязгаарлах л санал гаргасан. Фейсбүүк цахим орчинд бага насны хүүхдийн үзэж болохгүй зүйл зөндөө л байгаа шүү дээ. Хүүхдүүдээ хамгаалах үүднээс л хааж үзье гэдэг саналыг гаргасан. 

Ер нь хамаг л бүтэхгүй зүйл фейсбүүк дээр явдаг шүү дээ. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд хамгийн муугаар нөлөөлнө шүү дээ. Өнөөдөр хүмүүс эсэргүүцэж байж болно. Ирээдүйд хүүхдүүдийг фейсбүүк орчноос хамгаалах талаар яригдана гэж би итгэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна