Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нуурын орд"-ыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга 250 сая ам.доллароор зарсан тухай асуудлыг хөндөж 507 хуудас бүхий баримт материалыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг.
Энэ талаар АТГ-ын ОНХМ, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
Тэрбээр, "ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас Төгрөг нуурын ордтой холбоотой мэдээллийн ирүүлсэн. Мэдээллийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 14-ны өдөр хүлээн авсан. Ийнхүү хэргийг хянан үзэж, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн 22.1.3, 18.6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Эрүүгийн хуулийн 22.1 болон 22.1.3
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18.6.1
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна