Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь буюу 1,8 сая хүн дөрвөн уулын дундах “Утаанбаатар”/Улаанбаатар/ хотдоо уушги, улаан хоолойгоо хорстол хорт утаан дундаа амьсгалах гэж тэмцэж байна.
Худлаа яривал сүүлийн 20 жил нийслэл хотын утааг ярьж, улстөрч бүхэн үүгээр пи ар хийж сонгогдож явлаа. Энэ хугацаанд утааг бууруулна хэмээн 1,6 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан ч иргэдийн төлсөн татварын мөнгө салхинд хийсч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
2021 онд хийсэн тоон судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар 158 хүн угаартаж нас барсан. Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлж байсан. Энэ тоо сүүлийн гурван жил 2-3 дахин нэмэгдсэнийг дарга сайд, албаныхан түмэнтээ нуусан ч өглөө бүр хэн нэгэн угаартсан талаарх харамсалтай мэдээнүүд угтаж буй нь бэлхнээ харуулна.
“Өвөл болохоор хүйтэн болдог” гэх нэгэн гишүүний алдарт ишлэл бий. Монгол Улсад энэ жил л өвөл болж байгаа биш, бид зөвхөн өнөөдөр л утааг харж, мэдэрч байгаа биш. Хүлцэнгүй, хойрго ард түмэн утааг арилна гэж найдаж, хүлээсээр тогоон дотор аажмаар үхэж буй мэлхий шиг уушгины өвчлөл, ханиад, хатгаанаас салахаа байсан.
Хүйтний улиралд эмнэлгээр дүүрэн хүүхдүүд багтаж шингэхгүй уйлалдан шалаар зулж, эмч бараадан өвөлжиж байна. Хүүхэд нь өвчнөөс салахгүй ажлаа хаян эмнэлгийн хүйтэн шалан дээр сууж буй ээжүүд хэнд гомдохоо мэдэхгүй уйлах нь ч бий.
Тэсгэл алдсан залуус аргаа ядахдаа төв талбайд гарч ирлээ. Жагсаал цуглааныг улс төржүүлж, утга учрыг нь алдуулахыг нэг биш удаа харсан иргэд сүжиггүй болсон. Гэвч тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэгчээр чимээгүй байсаар үр хүүхдийнхээ ирээдүйг үгүй хийхгүйн төлөө одоо жагсаж байгаа талаараа залуус аргаа баран ярьж байлаа.
“Тайван амьсгалмаар байна” жагсаалыг эхлүүлсэн “Ид шидийн орон” төслийн санаачлагч Ч.Ганжавхлан:
Өнөөдөр хүний амьд явах үндсэн язгуур эрх зөрчигдчихсөн. Ураг амьгүй болж, нярай нь хордож нас барж байна. Иргэд нь утаандаа хордоод үхэж байгаа энэ улсад Хүний эрхийн дэд хороо гэж байгаа бол тэд өнөөдөр дэмжиж, төв талбайд ирж оролцох ёстой.
Бүгдээрээ хотын гудманд зүгээр яваад байгаа ч энэ нийгэм чинь зүгээр биш байна шүү дээ. Бид нар амьсгалмаар байна. Үнэхээр амьсгалж ч чадахгүй байна. Сургууль цэцэрлэгтээ хүүхдүүд нь явж чадахгүй. Хүүхдүүд нь эмнэлгээр дүүрэн. Эцсийн эцэст эм тариагаа авах мөнгө төгрөг нь байгаа юм уу, үгүй юм уу. Дараагийн асуудал энэ шүү дээ. Энэ асуудал бол үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчхэж. Бид нар их оройтож дуугарч байна. Энэ жагсаал заавал байх ёстой.
Бид ковидын үед онц байдал зарлаад нийгэмдээ асуудлаа шийдэж болоод л байсан шүү дээ. Ковидоос илүү хүн үхээд байна шүү дээ. Өнөөдөр ийм аймшигтай зүйл болж байхад онц байдлын хэмжээнд авч үзэхгүй шинэ жилээ хийх гээд, баяраас баярын хооронд явж байгаа нь бид нар өөрсдөө гамшиг болчихсон байгаагийн, муу юманд дөжирчихсөн, хамгийн муу хэлбэр рүүгээ орчхоод байгаагийн тод жишээ. Нүүрсний сонсгол гэдэг шиг Утааны сонсголыг хийх шаардлагатай байна. Гэхдээ төрийн ордонд биш утааны голомт гэр хороололд хийж бодит үнэнг харах хэрэгтэй. Манай зарим дарга нар магадгүй Монголд өвөлждөггүй байх” гэв.
Биднийг талбайгаас явах гэж байхад нэг залуу ээж яаран гүйж ирээд үзэл бодлоо илэрхийлэхийг хүслээ.
Залуу ээж Э.Агиймаа “Би залуу хүн, ээж хүний хувьд ажлаа орхиод зориод ирлээ. Өглөө босоод ажилдаа явах гэж гараад утаанд хоолой хорсож стресстэнэ. Машиндаа суугаад түгжрэлдээ стресстэнэ. Ажиллаж ажиллаж хэдэн төгрөгийн цалин авахаар татвар нь дарлана. Үнэхээр биднийг яаж ингэж амьдруулж чадна байна аа гэж бодоод төр засагтаа гомдоод хоолой зангирч байна.
Миний охин сүүлийн хоёр сар эмнэлгээс салсангүй хатгаа болчихсон. Эмнэлэгт нь ор олдохгүй шалаар хэвтэж байна. Энэ асуудлыг төр засаг нь шийдэх ёстой биз дээ. Ажлаа хийж чадахгүй бол зайлах хэрэгтэй. Хэдэн мянган зуух тарааж, шахмал түлш үйлдвэрлээд утаа буурахгүй л байна шүү дээ. Ядаж утаанд зарцуулсан мөнгөө тайлагнаад сонсгол хийгээсэй” хэмээн нулимс дуслуулан ярилаа.
Үнэхээр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахаар энэ их мөнгө хаачсан, юунд зарцуулсан, хэн буруутайг ард түмэн мэдэхийг хүсч байна. Нүүрсний сонсгол нийгмийг донсолгож, иргэдийг бухимдуулсан ч хариуцлага тооцсон нь цөөхөн. Гэсэн ч иргэд хэн нь хэн бэ, ямар буруутай вэ гэдгийг харсан. Тиймдээ ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр их хор уршигтай утаагаар далимдуулан иргэдийн мөнгийг хааш нь хийснийг хармаар байна.
Монгол Улсын иргэд “Утааны сонсгол” зохион байгуулахыг хүсч цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж байна.
Өргөдлийн холбоос: https://bit.ly/petition-clean-...
Өнөөдрийн иргэдийн ярьж буй эгэл биш энэ утааны уг үндэс нь сайжруулсан шахмал түлш.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулагдсан.
Улмаар мөн оныхоо арваннэгдүгээр сард 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нээж байлаа.
Нийслэлийн утааг 50 хувь бууруулна хэмээж шахмал түлшээ шахаж, түүхий нүүрсийг Нийслэл рүү оруулахыг хориглож, оруулахыг завдсан портертой иргэдийг торгож, нийгэмд зарлаж, цоллож байв.
Золоор энэхүү амлалтын дараах 2019-2020 оны өвөл утаа арай буурч иргэд алга ташин, уушги минь баярлах нь гэж итгэж байсан.
Өдөр шөнөгүй утаа ярьж явсан МАН-д энэхүү төсөл нь сонгуулийн пи ар болж Vandebo хамтлаг Утаагүй болгосонд “Баярлалаа” гэх дуу хүртэл гаргаж байлаа.
Эргэн сануулахад 2020 оны сонгуулиар “Таван толгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батбаясгалан “Утааг ялав” гэх постер зураг цацан “Улаанбаатарын утаа буурсан гэдгийг уушги батална. Уушги худлаа хэлдэггүй юм аа” хэмээн попорч байсныг одоо ч олон нийт мартаагүй.
МАН-ын бүх л гишүүд “Хийсэн ажилтай, хэлэх үгтэй. Утааг 50 хувь бууруулж чадлаа” хэмээн сонгуулийн сурталчилгаагаа хийж иргэд ч итгэлээ өгөн сонгосон.
Гэвч энэхүү ажил нь сонгуулийн жилүүдэд л ном журмын дагуу явж, үр дүнгээ өгсөн ч жил дараалсан хоёр сонгууль дуусч утаа эргэн ирсэн.
"Тавантолгой түлш" ХХК нь байгуулагдсан анхны жилдээ л ашигтай ажиллаж, дараа дараагийн жилд байнга алдагдалтай ажиллаж ирсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн.
2023 онд гэхэд л "Тавантолгой түлш” ХХК-иар дамжуулан 1,1 их наядын "хулгай"-г хийсэн аж.
Сайжруулсан шахмал түлшний бүтэц нь “Энержи Ресурс”-ээс угаасан эрчим хүчний нүүрсийг үнэ төлбөргүйгээр татан авч, барьцалдуулагчтай хольж сайжруулсан түлш үйлдвэрлэн нийслэлчүүдэд зардаг. Түүхий эд нүүрсээ үнэ төлбөргүй авдаг хэрнээ алдагдалтай ажилладаг энэхүү компанид улс төрийн ашиг хонжоо орсон гэх хардлага буй.
Нүүрсний сонсголын үеэр "Тавантолгой түлш" ХХК алдагдалтай ажиллаж байхад ТУЗ-ийн 30 гишүүн 1.1 тэрбумын урамшуулал, цалин авсан талаар дэлгэгдсэн.
Олон нийт утаа арилна хэмээн итгэж, гаргасан шийдвэр бүрийг үг дуугүй дагаж, хордож байхад Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая төгрөг гэх мэт урамшууллыг өөрсдөө авч компаниа алдагдалд оруулан, барьцалдуулагчаа ч авч чадахгүй хоёрдугаар гурил хольж байснаас харахад энэхүү түлш нь иргэдийн төлөө бус улс төрчдийн саалийн үнээ болсон байгааг харуулж байна.
Утааны эсрэг жагсаж, “Утааны эсрэг ээж, аавууд” фейсбүүк группийг үүсгэн байгуулагч Ц.Пүрэвхүү нийгэмд асар их нөлөөлөн, иргэд ч чадахаараа дэмжиж ирсэн. Гэтэл жагсаалаас хойш ор тас алга болсон тэрээр Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дээшилж байсан удаатай. Шударга дүрийн эзэн Ц.Пүрэвхүү 2019-2021 онд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа 78.7 сая төгрөгийн цалин урамшуулал авсан талаар мэдээлсэн нь олны бухимдлыг төрүүлж байв.
Иргэдийн зовлон дээр зоолж, ашиг хонжоо олдог улс төрч ч гэлтгүй, иргэд өөрсдөө ч бие биенийхээ итгэл сэтгэл, үзэл бодлыг зарж хөлждөг тохиолдол олон тул жагсаал цуглаанд оролцох иргэд ч цөөрсөн.
Гэвч шахмал түлшний шахаанаас гадна утаа хэмжигч, утаагүй зуух гэх мэт шахааг шахдаг явдал цаашдаа зогсохгүй ирээдүй болсон үр хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсоор байж мэднэ.
"Утаа буурсан” гэж мянгантаа хэлж, иргэдээр даапаалсан ч утаа ямар байгааг ард түмэн нүдээрээ харж, уушгиараа мэдэрч байна. Утааг бууруулахын тулд элдэв шахаа бус дэд бүтцээ хөгжүүлэх ёстой гэдгийг хүн бүхэн хэлж буй ч дарга нарт өнөө маргаашдаа шийд байхгүй гурав хоногийн өмнө стандарт зуухны 28 тэрбумын тендерийг дахин зарлажээ.
Аргаа барсан иргэд одоо ядаж хаана нь алдаа байгааг олохын тулд Утааны сонсгол хийж, хариуцлага хүлээлгэдэггүй юмаа гэхэд мэдэх эрхээ эдлэхээр ийнхүү хахаир өвлийн хүйтэнд Төв тайлбайдаа жагсаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Gaihltai yrij shaardaj baina Bi Erenhii said, hotiin darga baisan bol Iim arga hemjee avah baisan gej duugarch baigaa gants hun baina uu utaanii arilgah yamar arga baina ve Irged ee ehleed egeech
Хариулах66.181.161.164
gaihaltai niitlel bn bayr hurgey ee
Хариулах