Х.Ганхуяг: Хавдрын эмнэлгийн зориулалтаар худалдаж авах барилга заавал IV эмнэлэгийнх байх албагүй

Zuv.mn
3 цаг 38 минутын өмнө

2025 оны төсөвт Төсвийн ажлын хэсгээс оруулсан гол өөрчлөлтүүдийн талаар Ажлын хэмгийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-2025 оны төсөвт Хавдрын эмнэлгийн хүчин чадлыг нэн яаралтай нэмэгдүүлэх үүднээс эмнэлгийн зориулалттай барилгыг лизингээр худалдан авах боломжийг нээж, тоног төхөөрөмжийн зардалтайгаа нийлээд 30 гаруй тэрбум төгрөгийг тусгасан талаар Төсвийн ажлын хэсгийн дарга Г.Тэмүүлэн өглөө чуулганд мэдээлэл өгсөн. Одоо яг ямар процесс явах вэ. Лизингээр авах барилга нь Дөрөвдүгээр мэнэлгийн барилга гэж ойлгож байна, зөв үү?

-Төсвийн ажлын хэсэг 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажиллалаа. Бид эхнээсээ “Төсвийг үр ашигтай болгох, хэмнэлт хийгдвэл юунд зарцуулах вэ” гэдгээ эхлээд тохирсон юм. Тодруулбал, эрүүл мэнд, боловсрол, том төсөл гурав руу нэмнэ, тойргийн шинжтэй, эсвэл урсгал зардал ч юм уу нэмэхгүй гэж…

Ингээд энэ зарчмынхаа хүрээнд гурван шийдвэр гаргалаа.

-2025, 2026 онд 15,000 хүүхэд сургууль, цэцрлэгийн насанд хүрнэ. Үүнтэй холбоотойгоор, нэгэнтээ шинээр барьж амжихгүй юм чинь төр, хувийн хэвшлийн түшлэлээрээ яваг гээд боловсролын салбарын түрээсийг нэмэгдүүллээ. Үндсэндээ 10 тэрбум төгрөг нэмэгдсэн.  

-Хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, 31.5 тэрбум төгрөг тавьсан.

-Гурав дахь нь, Хавдрын эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор төсөв дагасан хуульд нэг удаагийн арга хэмжээ авах боломж гаргаж, эмнэлгийн зориулалттай барилгыг лизингээр худалдаж авах боломжийг нээж, Засгийн газарт эрхийг нь өгсөн.

-Нэг удаагийн үйлчлэлтэй гэхээр, дахиж ийм арга хэмжээ авагдахгүй гэсэн үг үү?

-Тийм. Түрээс бол олон барилга дээр хэрэгжээд явж байгаа. Цэцэрлэгийн дутагдлыг төр хувийн хэвшлийн түшлэлээр байхгүй болгож байсан шүү дээ. Энэ тохиолдолд бол арай өөр. Хуваарьт төлөлт хийх замаар нэг удаа эмнэлгийн зориулалттай барилга худалдаж авах эрхийг Засгийн газарт өгсөн. Заавал Дөрөвдүгээр эмнэлэг байх албагүй. Аль ашигтай байрлалд байгаа, аль хямд үнэ санал болгосон барилгыг сонгож, эхний төлбөрөө 18 тэрбум багтаагаад хийх эрхийг л Засгийн газарт олгосон гэсэн үг.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна