"Эрдэнэт" УБҮ нөөц, хүчин чадлаа нэмэгдүүлж, шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан амжилттайгаар 46 жилийн ойгоо угтлаа

Х.Есү
11 цаг 47 минутын өмнө

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 46 жилийн ой 12 дугаар сарын 14-нд  тохиолоо.

“Эрдэнэт” үйлдвэр анх 1978 онд "521 сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй, 34 жил ашиглана" гэсэн ТЭЗҮ-тэй ашиглалтад орж байжээ. Тэгвэл явцын дунд нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлсээр өдгөө 3.39 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй, 55 жил ашиглах тооцоотой үйл ажиллагаагаа явуулж байна. 

Монголын уул уурхай, зэсийн салбарын хамгийн том бүтээн байгуулалт "Эрдэнэт" 46 нас хүрлээ

ХХ зуунд монголчуудын уул уурхайн салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт “Эрдэнэт” УБҮ-ийн  46 жилийн ой өнгөрсөн бямба гарагт тохиолоо. Ашиглалтад орсон даруйдаа дэлхийн хамгийн том 10 уурхайн тоонд багтаж байсан энэ аварга уурхай 1978 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр зэсийн салбарын хөгжилд эрс шинэчлэлтийг авчирсан юм. 

"Эрдэнэт" УБҮ технологийн горимын дагуу анхны зэсийн баяжмалыг гарган авснаас дөрвөн сарын дараа буюу 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр анхны бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал ачсан галт тэргийг экспортлохоор ачуулсан байдаг. 

Монгол Улсыг олон жил тэжээсэн, цаашид ч тэжээх их баялгийг эргэлтэд оруулсан анхны цувааг ЗХУ-ын мэргэжилтэн, илчит тэрэгний машинч А.И. Шлеев, Легоновский, машинч Д.Ламжав, туслах машинч Д.Чулуунгэрэл нар жолоодон хөдөлсөн гэдэг. 

May be an image of 3 people and text

Энэ түүхэн өдрийг өдгөө Эрдэнэт УБҮ-ийн "Төрсөн өдөр" хэмээн үздэг бөгөөд ёсчлон тэмдэглэсэн нь энэ юм. 

"Төрсөн өдөр"-өө бүтээлч ажил, амжилтаар угтдаг уламжлалтай эрдэнэтчүүдийн 46 жилийн ойдоо барьсан гурван бэлэг 

"Эрдэнэт" УБҮ ойгоо зүгээр нэг тэмдэглэж өнгөрүүлдэггүй. Жил бүр шинэ зорилт, шинэлэг санаа гаргаж, тэрхүү ажлынхаа үр дүнгээр дараачийн ойдоо бэлэг барьдаг уламжлалтай. 2024 оны тухайд тус үйлдвэрийн хамт олон 46 жилийн ойгоо угтан гурван том төслийг хэрэгжүүлжээ.

Эдгээр гурван төслийг тус бүрээр нь уншигчдадаа хүргэе.

  • Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын хүчин чадлыг хоёр сая тонноор нэмэгдүүлэх төсөл

No description available.

Уурхайн уул-геологийн нөхцөл жил тутам хүндэрч байгаагаас шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга, тухайлбал, 2017-2022 оны хугацаанд 0.42-оос 0.36 хувь хүртэл буурч, зэсийн баяжмал гаргалт 604-574 мянган тн болж багассан.

Ингэж эцсийн бүтээгдэхүүний гарц буурснаар өртөг зардал өсөж, эдийн засгийн үзүүлэлтүүд буурах эрсдэл дагуулж байна.

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хүчин чадлыг 6 сая тн-оор нэмэгдүүлэн, 38 сая тн болгох ажлын хүрээнд шинэ 4 дүгээр шугамын өргөтгөлийн ажлыг 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сард гүйцэтгэжээ.

Тус өргөтгөлийг ашиглалтад оруулснаас хойших 1 жилийн хугацаанд 6 сая тн хүдэр боловсруулж, үр ашигтай ажиллаж чаджээ.

No description available.

Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд гэхэд 1978 оноос ажиллаж байгаа хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамыг шинэчлэх, Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Хаягдлын шинэ сан байгуулах зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хүдэр нунтаглах хоёрдугаар шатны есдүгээр тээрэм нь цагт 1000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрэх нөхцөл бүрдэх юм.

  • Парк шинэчлэлтийн хүрээнд "KOMATSU HD 1500-8” автомашинуудаар хүч нэмлээ

No description available.

"Эрдэнэт" үйлдвэрийн Ил уурхайд ашиглах хүнд даацын өөрөө буулгагч "КОМАЦУ" маркийн 10 автомашиныг ашиглалтад хүлээн авлаа. 

Уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Комацу” фирмийн өөрөө буулгагч эдгээр автомашин нь 142 тонны даацтай, уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай, операторын тав тух, аюулгүй байдлыг хангасан, эргэн тойрноо бүрэн харах камер болон радартай юм. 

"Комацу HD-1500-8" загварын автосамосвал нь уулын цул тээвэрлэх ажлыг илүү үр ашигтай, хэмнэлттэй гүйцэтгэх боломжийг олгож байгаа тул цаашид Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг албаныхан онцлон хэлж байлаа. 

  • "Эрдэнэт" үйлдвэр ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийг ашиглалтад орууллаа

May be an image of 8 people and text

Уулын ажлын гол бүрэлдэхүүн хэсэг нь өрөмдлөг тэсэлгээний ажил байдаг. Монгол Улсад усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын  анхны үйлдвэрийг 1994 онд Эрдэнэт үйлдвэрт барьсан түүхтэй. Жилдээ 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрт 2005 онд өргөтгөл хийж, 13 мянган тонны хүчин чадалтай болгосон юм.

Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр нь жилдээ 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай юм. 

Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар гаднын байгууллагаас худалдан авах 4,000 тонн тэсрэх бодисыг өөрсдөө үйлдвэрлэж, нэг жилд 4.4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой юм. 

May be an image of 4 people

Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн насжилтыг “Оюут” ордод хайгуул хийснээр 55 жилээр нэмэгдүүлжээ. Тус үйлдвэрийн хувьд хурдан шуурхай, нээлттэй ил тод ажиллахын тулд худалдан авах тендерүүдээ шалгаруулах цахим системийг шинэээр бий болгон хэрэглээнд нэвтрүүлээд байна. 

"Эрдэнэт" үйлдвэр нь жилдээ 1400-1600 гаруй тендер зарладаг байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг үйлдвэрийн ажилтан давхар хянаж цаг алддаг байсан бол одоо "Tender Eval" цахим системээр дамжуулан хийдэг болжээ. 

May be an image of 5 people, dais and text

Монгол Улс, монголчуудын түүхэнд "Эрдэнэт" УБҮ-ийн гүйцэтгэх үүрэг дуусаагүй, харин ч эхэлж байна

No description available.

Уламжлалт нүүдлийн амьдралын хэв маягтай, мал аж ахуй, газар тариалан эрхлэн амь зуудаг, туйлын хоцрогдсон, гадны зарим эрдэмтдэд “Удахгүй сөнөж мөхнө” хэмээн гоочлогдож асан монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалаар эрх чөлөөгөө олж, улмаар 100 хүрэхгүй жилийн дотор цэцэглэн хөгжсөн билээ. 

Энэхүү хөгжил дэвшилд хүрэхэд уул уурхайн салбар, тэр дундаа зэсийн үйлдвэрлэл, "Эрдэнэт" УБҮ голлох байр суурийг эзэлж, валютын эх үүсвэр бүрдүүлэн, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хадгалахад үнэтэй хувь нэмрийг оруулсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Аранзал өнгөтэй энэхүү үнэт металлын ач хобогдол одоо ч буураагүй, харин ч Монгол Улс, монголчуудын хөгжилд дахин, урьд өмнөхтэй эн зэрэгцэхүйц чухал түүхэн биелүүлж эхлэх үе ирж байна. "Эрдэнэт" УБҮ ч өмнөх уламжлалаа алдалгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж, хүчин чадал, технологио улам шинэчлэн сайжруулж, хөгжлийн ачааг үүрэлцэн итгэл төгс урагшилж явна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна