Н.Учрал Засгаа авч, Л.Энх-Амгалан, Д.Энхтүвшин хоёрын нэг нь УИХ-ын дарга болох хувилбар

Zuv.mn
2 цаг 22 минутын өмнө

АН Н.Учралыг "УИХ-ын даргын ажлаа өг, эсвэл намын даргын ажлаа өг" гэж шахлаа. Энэ бол угтаа "Ерөнхий сайд болж, Засгаа байгуул" гэсэн шахалт бөгөөд энэ тохиолдолд Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөөс авсан, нам дотор үүссэн  үе хоорондын тэмцлийг намжаах үүргээ биелүүлэх ёстой болно. Чадахгүй бол Их хурлын төлөөлөгчдийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг бөгөөд дэмжлэг үгүй болох ч эрсдэлтэй. 

Н.Учралыг намын даргад дэвшүүлсэн нь үнэндээ үе хоорондын холбоос, МАСЗХ, НАМЗХ угшилтнуудын аль, алиных нь дэмжлэгийг хүлээж чадах “Дундын хувилбар” гэж тооцогдсонтой холбоотой.

Бага хурлаар өрнөсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын өрсөлдөөнд 53, 47 хувиар хуваагдаж байсан МАН Н.Учрал, Б.Лхагважав хоёр өрсөлдсөн Их хурлын үеэр 95 хувиар нэг талдаа гарсан нь үндсэндээ Н.Учралд маш их итгэл хүлээлгэсний тэмдэг. Энэ даалгавар, түүхэн үүргээ тэрбээр Ерөнхий сайд болж байж л илүү сайн биелүүлж чадах юм.       

Н.Учрал МАН-ын даргаар сонгогдсоныхоо дараа “Төсөв дөнгөж батлагдсан энэ цаг үед Засгийн газраа тогтвортой байлгах нь чухал. …Би Тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангаж, хамгаалж, бас хяналт тавьж ажиллана” гэж мэдэгдэж байсан. Энэ бол тэрбээр яваандаа Ерөнхий сайд болно гэдгээ мэдэж байсан. УИХ-ын дарга болсноор энэ нүүдэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэлтийн дараа болж хойшилсон л болохоос түүнд Ерөнхий сайд болох л амбийц бий. Ер нь хэн ч байсан тэгнэ. 

Тэрбээр намын дарга болсноороо хүссэн цагтаа Г.Занданшатараас Ерөнхий сайдын суудлыг
авах эрх мэдлийг атгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Намын үндсэн дүрмээр ч, сая
шинэчилж баталсан Үндсэн дүрэмд ч энэ эрхийг нь баталгаажуулсан байгаа. МАН-ын Их хурал угтаж Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар нэрээ татсан үйл явцын дараа түүнийг УИХ-ын даргаар ажиллах магадлал маш өндөр гэлцэж байсан. Тэр ёсоор ч болсон.

Энэ цаг мөчид Н.Учрал МАН-ын дарга, УИХ-ын дарга гэсэн хоёр албан тушаалыг зэрэг хашиж байна. Олон улсын жишгээрээ ч, сая манайд гарсан туршлагаас ч тэр, энэ хоёр албан тушаалыг салгах нь ер нь бол зөв. 

Харин, салгалаа гэхэд хэн оронд нь спикерээр очих вэ гэдэг бас л сонирхолтой сэдэв. Тэрбээр МАН-ын дарга, УИХ-ын дарга болж, Тэргүүн шадар бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын суудлаа өгөх нь цаг хугацааны асуудал болсон яг тэр үед “МАН доторх үе хоорлндын  хэрүүл тэмцлийн эхийг тавьсан” гэж нэг хэсэг мэдээлэгдээд, түүнээс хойш чимээгүй байснаа Удирдах зөвлөлд сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн ил гарч, Шадар сайдад яригдсан байдаг. Тэрбээр Шадар сайд болоогүй ч Н.Учралыг 2027 онд Ерөнхий сайд болох үед УИХ-ын дарга болохын тулд энэ удаад жолоогоо татсан" гэсэн ярианаас зайлж чадаагүй юм. Тэгвэл 2027 онд зурагдсан халаа сэлгээ, комбинаци АН-ын хатуу шаардлага дор нэг жилээр наашилж байна.  

Л.Энх-Амгалан яагаад спикер болох магадлалтай вэ гэхээр, Д.Амарбаясгалан намын даргын
сонгуульд өрсөлдөх болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг “УИХ-ын даргын суудлаа
Л.Энх-Амгаланд өгчих” гэж шахсантай холбоотой гэсэн мэдээлэл гарч байсан. Л.Энх-Амгалан биш бол Д.Энхтүвшин магадлалтай. 

Мэдээж, энэ бүхэн ёсоор болох эсэх нь АН-ын шаардлагыг МАН хэрхэн хүлээж авахаас шалтгаалах болно.  




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.139
    10 минутын өмнө

    их хурлыг жагсаалтын гишүүнээр удирдуулж доошоо орохыг тойргийнхон дэмжинэ гэж үү сонин юм бодох

    Хариулах
  • 202.126.88.139
    3 минутын өмнө

    Улсын их хурлыг намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг

    Хариулах
  • 122.201.31.104
    30 минутын өмнө

    Б.Энхбаяр спикер болвол бүх асуудлууд дуусаж, нийгэм ч нам жим, суудлын төлөөх өрсөлдөөн, улайрал нам болно. Буруу нь ч буруугаа хүлээхээр нам болно, Зөв нь ч итгэлдээ нам болнр-ард түмний санаа ч амарна

    Хариулах