П.Наранбаяр сайд намдаа гомджээ

Zuv.mn
2 цаг 27 минутын өмнө

-П.Наранбаярыг сэлгэхийг ХҮН нам хүссэн үү,  МАН даалгасан уу-

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад барьсан билээ. Дээрх сайдууд чухам яагаад суудлаасаа бууж буй талаар өөрсдөө тоймтой хариулт өгөөгүй.

Тэгвэл сайд нарыг сэлгэх асуудлыг өөрсдөө биш, ХҮН, МАН улс төрийн тохироогоор шийджээ.

П.Наранбаяр гишүүн урчигдар болсон ХҮН намын Удирдах зөвлөлийн хурал дээр энэ талаар хэлж, намын улс төрийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.  

Эх сурвалжийн мэдээлснээр П.Наранбаяр “Боловсролын сайдаар ажиллахдаа сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэв, багийн бага сургуулийг санаачилж хувийн хэвшилтэй хамтран 5 сургуулийг нээж, 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлах замаар салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наядад хүргэсэн.

Багш ажилчдын суурь болон үндсэн цалинг хоёр үе шаттайгаар нийт 50% нэмэхээр болсон. ХҮН намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АЧААНЫ ХҮНД, ГАЛ АТГАЖ ажиллалаа.

Засгийн газарт ирж буй галыг сааруулах улс төрийн шийдвэр болохыг ойлгож болох ч, Боловсролын салбар, ХҮН намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг бодохоор сэтгэлд хөндүүр, товчхондоо гэнэтийн энэхүү шийдвэрт гомдолтой байна” гэжээ.

Үзүүлэлтийг харвал үнэхээр П.Наранбаяр ч, Б.Чойжилсүрэн ч муу ажиллаагүй. Гэсэн ч ц эцсийн дүндээ МАН нэгэн галтай салбараа ХҮН намд атгуулж, Засгаа яаж ийгээд авч үлдэх зорилго руугаа явсан бол ХҮН нам бас ч гэж "ойрхон" салбарынхаа жолоог атгаж, хийж чадвал 2028 оны сонгуульд амжилттай орох боломжоо олж авч байх шиг байна.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна